Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын 20 хүртэлх хувь нь ажиллаж байгаа билээ. 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласантай уялдуулан ажил, албаа шаардлагатай үед цахимаар гүйцэтгэж байгаа тус командлалын хэлтэс, тасаг, төрөл мэргэжлийн цэргийн дарга нартай 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр цахимаар хуралдлаа. Тэрээр ЗХЖШ-ын даргын баталсан Стратегийн удирдамжид тусгагдсан төлөвлөгөө болоод төрөл мэргэжлийн цэргийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх дүрэм, журам, заавруудыг боловсруулах ажил нэн тэргүүнд байгааг дурдаад, үүнд төрөл мэргэжлийн цэргийн дарга нарын үүрэг, оролцоо их гэдгийг онцлов.
Мөн тэрээр Улаанбаатар хотод амьдардаг тус командлалын зарим бүрэлдэхүүн PСR шинжилгээ өгч, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурсан тохиолдолд ажил, үүргээ гүйцэтгэхэд бэлэн байхыг даалгасан юм. Төгсгөлд нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд бүх түвшиндээ анхаарч ажиллах тухай, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой угтсан зарим ажил, арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийж, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх шаардлага байгааг цохон тэмдэглэсэн юм. Цахим хуралд тус командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар нарын албаны хүмүүс байлцлаа.