• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭГНЭН ЖАГССАН НӨХДИЙНХӨӨ ТЭРГҮҮНД НЬ ЁСЛОН ЗОГСОХ ДЭД ТҮРҮҮЧ Э.ТӨРБОЛД
Нийтэлсэн: 2021-01-05 14:07:27
Үзсэн: 421

ЭГНЭН ЖАГССАН НӨХДИЙНХӨӨ ТЭРГҮҮНД НЬ ЁСЛОН ЗОГСОХ ДЭД ТҮРҮҮЧ Э.ТӨРБОЛД
Нийтэлсэн: 2021-01-05 14:07:27 Үзсэн: 421




   Зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаа олон нийтэд тасралтгүй сурталчлах хүрээнд “Цахим анд” ярилцлагыг эхлүүлж байна. Энэ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэдэнд ямар нэгэн эрсдэл учруулахгүйгээр зөвхөн цахимаар ярилцаж, түгээх зорилготой юм.
Бидний анхны зочин Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Э.Төрболд. Эгнэн жагссан нөхдийнхөө тэргүүнд нь ёслон зогсох нь түүнийг хүндтэй бөгөөд эрхэм үүргийг гүйцэтгэдэг тасгийн захирагч гэдгийг нь илтгэнэ.
Хугацаат цэргээ хугацаат цэрэг нь захирна гэдэг тийм нэг онцгой мэдрэмж мэт санагддаг. Илүү хариуцлагатай, илүү зарчимтай, удирдах арга барил сайн, салааны захирагч, орлогч нараа эзгүйд нөхдөө удирдан чиглүүлэх бүрэн чадвартай байж гэмээн энэ эрхэм цолны эзэн болдог учиртай. Сургуулиа төгссөн шинэхэн офицер “Ирээдүйд би сайн ажиллаад хурандаа болно доо” гэж мөрөөддөг шиг байлдагч нарын хувьд ахлах байлдагч, дэд түрүүч, түрүүч гэдэг хүсэл, мөрөөдлийнх сайхан цол нь юм.
   Ийм л цолны эзэн, дэд түрүүч Э.Төрболд 2020 оны ээлжээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс хугацаат цэргийн албанд татагдан иржээ. 2018 онд нийслэлийн Ерөнхий боловсролын 37 дугаар дунд сургуулийг төгсөөд “Тэнгис” кинотеатрын билет борлуулагчаар ажилладаг байж. Түүний аав М.Эрдэнэцогт нэгэн хувийн компанид цахилгаанчин бөгөөд орон нутаг руу томилолтоор явж, цахилгаан, монтажийн ажил гүйцэтгэдэг гэнэ. Нэг өдөр аав нь хөдөөнөөс ирээд “Миний хүү цэрэгт яв. Цэрэгт явсан хүүхдүүд аавтай нь хамт ажилладаг юм. Тэдний арга барил, хариуцлага хүлээх чадвар, биеэ авч яваа байдал нь үнэхээр өөр байдаг юм байна” гээд цэргийн албаны талаар үгийн сайхнаар магтан ярьж. Хүү ч аавынхаа захиасыг биелүүлэхээр цэрэгт ирээд өдгөө бүр нөхдөө удирдан чиглүүлдэг тасгийн захирагч болж, цол нэмсэн нь энэ ажээ.
   “Тасгийн захирагч хүн ямар байх ёстой вэ” гэсэн асуултад “Дээд дарга нарынхаа өгсөн үүрэг, даалгаврыг ягштал биелүүлдэг, өөрийн хүлээсэн үүргээ сайн мэддэг эр цэрэг байх ёстой. Үүнийг би дээд дарга нар, дэргэдэх нөхдийнхөө сайн холбогч гэж ойлгож байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаат цэргийн алба хаагчдын шинэ жилээр ангийн захирагч маань энэ эрхэм цол хүртээсэнд маш их баяртай байгаа. Хэдийгээр цолоо зүүгээд удаагүй байгаа ч гэсэн үүрэг, хариуцлагаа сайн ойлгож, нөхдийнхөө өмнө нэг шатаас дээш илүү байх ёстойгоо мэдэрч байна” гэлээ. Тэрээр хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө цэргийн албыг дутуу үнэлдэг өчүүхэн бодолтой явсандаа гэмшдгээ дурсаад Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн энэ журамт үүргийг эр хүн бүр биелүүлэх ёстойг онцолж байлаа.
     Үүний зэрэгцээ дэд түрүүч спортын хоёрдугаар зэрэгтэй тамирчин юм байна. 2016, 2017 оны Сагсан бөмбөгийн өсвөрийн улсын аваргад алт, хүрэл медаль тус тус хүртсэн спортлог залуу маань шигшээ багийн тамирчдаасаа хамгийн түрүүнд цэргийн албаа хааж байгаа гэнэ. Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд “Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн удирдлага, хамт олон хугацаат цэргүүддээ аав шиг, ах шиг, ээж шиг, эгч шиг нь хандаж, өөриймсөг байдагт нь нийт дайчдынхаа өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье. Хайртай аав М.Эрдэнэцогт, ээж Д.Алтантуяа нартаа “Хүү нь эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа. Хүүдээ битгий санаа зовоорой. Та хоёр минь аюулт өвчнөөс өөрсдийгөө үргэлж хамгаалаарай. Хүү нь та хоёртоо хязгааргүй хайртай шүү” хэмээгээд “Монгол Улсынхаа зүтгэе” хэмээн ёслох нь дотно сайхан санагдлаа.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114