
Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн удирдлага, хамт олон 2020 оны гүйцэтгэлийн тайлангаа дүгнэж, ангийнхаа зорилго, зорилтыг биелүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан тэргүүний алба хаагчдаа тодрууллаа. “Тэргүүний хамт олон”-оор хошууч М.Эрдэнэбат даргатай Ажиллагааны удирдлагын тасаг, “Тэргүүний офицер”-оор ахмад Н.Мөнхсугир, “Тэргүүний ахлагч”-аар сургагч ахлагч С.Мөнхсүх, “Тэргүүний ажилтан”-аар В.Солонго, “Сахилгын зөрчилгүй хамт олон”-оор дэслэгч Д.Дуламжав даргатай “Эрүүл мэндийн төв”-ийнхөн тус тус шалгарч, шагналыг нь гардуулан өглөө.

Ангийн захирагч, хурандаа Ц.Буянтогтох энэ үеэр хэлсэн үгэндээ “Улиран одож буй 2020 онд манай хамт олон амжилт бүтээлээр арвин, өмнөө дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангаж, бэлэн байдал, бэлтгэлжилт, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Уулын дунд шатны сургалт”-д хамрагдаж, ЗХЖШ-ын “Цогцолбор” шалгалтад амжилттай шалгагдаж, дугаар ангитай хамтарсан КШС зэргийг зохион байгуулсан нь штабын бэлтгэл, сургалт тасралтгүй сайн явуулсны нэг томоохон илэрхийлэл юм.

Ирж буй 2021 онд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, удирдлага, штабын бэлтгэлийг төгөлдөржүүлж, бэлэн байдлыг хангах, цэргийн сургалт бэлтгэлийг чанартай тасралтгүй зохион байгуулах, хөгжлийн төлөвлөгөөг оновчтой төлөвлөх нь та бидний гол зорилго. Мэдээж орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтсан үйл ажиллагааг түлхүү зохион байгуулж, бүтээн байгуулалтын томоохон зорилтуудыг хамтдаа хэрэгжүүлэх их ажлын жил байх болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү ангитай ажил, амьдралаа холбосон та бүхний идэвх оролцоо, дэмжлэг, бүтээлч хөдөлмөр нэн чухал юм” гэж онцолсон юм.


Ахмад Д.Баасанжав (Зэвсэгт хүчний 331 дүгээр анги)