Монгол Улсын Зэвсэгт хүчинд алба хааж буй нийт генерал, офицерууд аа!
Ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид аа!
Гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа!
Эх орныхоо төлөө эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад дайчид аа!
Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон нийт ажилтан албан хаагчид аа!
Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг Хуурай замын цэргийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье!
Улиран одож буй 2020 он улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчноо төгөлдөржүүлэх, бүтээн байгуулах зэрэг олон амжилт дагуулсан жил байлаа.
Хуурай замын цэрэг нь цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч байгаа олон чухал зорилтуудыг хангах, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, цэргийн захиргааны удирдлагыг хангах, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсэн түүхэн он жил байлаа.
Та бид хэдийгээр цар тахлын улмаас шалтгаалан амаргүй нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулж ирсэн хэдий ч ЗХЖШ-аас зохион байгуулсан “Штабын бэлтгэл”-ээр тэргүүлэгч анги шалгаруулах үзлэгт нэгтгэл, ангиуд амжилттай шалгуулан, Монгол Улс, ОХУ-ын хамтарсан байлдааны буудлагатай “Сэлэнгэ” тактикийн хээрийн сургуулийг анх удаа улс бүр өөр өөрийн нутагт, команд штабын сургуулийг ОХУ-ын нутагт хамтран зохион байгуулж, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд амжилттай оролцсон бахархам үйл явдлуудаар хуучин оноо үдэж байна.
Цар тахал дэлхийг бүрхсэнч бид бүхэн Хуурай замын цэргийн гадаад харилцааг өргөжүүлэх үүднээс дэлхийн хэд хэдэн орны ижил чиг үүргийн байгууллагатай цахимаар харилцаж хамтын ажиллагааныхаа чиглэлүүдээ тодорхойлж, тодотголоо.
Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүний алба хаах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой олон арван бүтээн байгуулалтын ажил нэгтгэл, ангиудад хэрэгжиж амжилт бүтээл арвинтай хуучин оноо үдэж, хийж бүтээх урам зориг, хүсэл эрмэлзлэл дүүрнээр шинэ оноо угтан авах гэж байна.
Эх орондоо тангараг өргөж, эр цэргийн албаа хааж байгаа эгэл жирийн байлдагчаас эхлээд Зэвсэгт хүчний ариун жагсаалд багтсан мөрдэс нэгт бүхий л алба хаагчдын маань хөлс хүч, хөдөлмөр зүтгэл энэхүү амжилтад шингэснийг хоёр оны зааг тохион буй энэ торгон мөчид онцлон дурдаж байна.
Ирж буй 2021 он та бидний хувьд түүхэн жил бөгөөд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор цэргийнхэн та бид амжилт бүхнээ бататгах, амжаагүй бүхнээ гүйцээх их үйлсийн талбар байж, Зэвсэгт хүчний түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх сайхан жил байна гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлж, ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР