• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫНХАН 2020 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-12-25 11:18:37
Үзсэн: 48

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫНХАН 2020 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-12-25 11:18:37 Үзсэн: 48



    Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд 2020 оны гүйцэтгэлийн тайлангаа хэлэлцэж, 2021 оны зорилго, зорилтуудаа тодотголоо. Гүйцэтгэлийн тайлангийн хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдах бүрэлдэхүүн оролцсон юм. Энэхүү хуралд Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар биечилж, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраар ахлуулсан хэлтсийн дарга нар цахимаар оролцсон юм.

Хурлын эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын 2020 онд тавьсан зорилго, зорилтуудаа хэрхэн биелүүлж, ололт амжилттай ажилласан талаарх тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар танилцуулав. Тэрээр “Зэвсэгт хүчний Жанжин штаб 2020 онд Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийн тогтолцоог шинэчлэн сайжруулах зэрэг зорилтуудаа бүрэн хангалттай биелүүлсэн. Ялангуяа, үйл ажиллагаа явуулахтай холбоотой хууль, эрх зүйн актуудыг УИХ, Засгийн газар, Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалаар батлуулж, эрх зүйн орчноо улам төгөлдөржүүлж ажиллалаа. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд анхаарч байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас олон улсын сургууль, олон улсын уралдааныг зохион байгуулах болон оролцох нь хязгаарлагдсан ч дотоод цэргийн сургалт бэлтгэлийн тэмцээнүүдийг зохион явууллаа. Цэрэгжлийн спортын мастер 12, цэрэгжлийн спортын дэд мастер 9, цэрэгжлийн спортын I, II, III зэрэгтэй тамирчин 78 болж нэмэгдсэн нь энэ тэмцээний цар хүрээг тодорхойлно гэв. Тэрээр цааш нь хэлэхдээ цэргийн хамтын ажиллагаа өргөн хүрээнд өргөжиж байна, 2020 онд дэлхийн таван оронтой цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим хурал хийсэн, ОХУ-д болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн ёслолын цэргийн жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний тодорхой бүрэлдэхүүн амжилттай оролцсон, Монгол Улс, ОХУ-ын “Сэлэнгэ-2020” хамтарсан хээрийн сургуулийг анх удаа өөр өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан, Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг Орхон аймагт явуулсан зэрэг сургалт бэлтгэл, бэлэн байдал, бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд чиглүүлсэн ажил, арга хэмжээнүүдийг онцлов. Мөн түүнчлэн бодлогын баримт бичгийн боловсруулалт, энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо, үүрэг гүйцэтгэлт, дотоод хяналт шалгалт, ар тал хангалт, бүтээлч ажил, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, алба хаагчийн нийгмийн хамгаалал болон халамжид анхаарсан байдал, иргэн-цэргийн харилцаа, өдөр тутмын үйл ажиллагаа зэрэг өргөн хүрээнд тайлагнав. Тэр дундаа алслагдмал анги, салбарт үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор мөнгөн урамшуулал олгосныг ч тодотгосон юм. Үүний дараа Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга, хурандаа Д.Ариунболд ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын 2020 оны гүйцэтгэлийн тайланд хяналт шалгалт хийж, үнэлгээ өгснөө танилцуулсан юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалуудын 2020 оны гүйцэтгэлийн тайланг сонслоо. Ерөнхий дүр зургаар нь амжилт бүтээл дүүрэн жил гэдэг нь та бүхний тайлангаас тун тодорхой харагдаж байна. Миний хувьд 2020 оны дараах байдлаар тодорхойлж байна. Нэгдүгээрт, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний эрх зүйн шинэчлэлийн бас нэгэн чухал жил байлаа. УИХ-аар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрлийн цэргийн бусад командлалыг байгуулах эрх зүйн орчин бүрдлээ. 2021 он бол Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн, кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргийг байгуулах түүхэн жил. Тэдгээр командлалуудаа бэхжүүлэх, суурийг нь зөв тавьж өгөхөд та бидний бүгдийнх нь хүчин чармайлт, хөдөлмөр их чухал. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан бөгөөд энэ хөтөлбөрт батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийг дэмжих хүрээнд 10 чиглэл тусгалаа. Тухайлбал, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ, хугацаат цэргийн алба хаасан иргэдэд төрийн албанд орох, шатлан дэвших, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж хүртэх давуу эрх олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох ёстой. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байна. 2021 онд бид энэ амжилтаа бататгаж, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль зэрэг нэлээдгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Хоёрдугаарт, 2020 он бүтээн байгуулалтын жил байлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах үндсэн үүргийнхээ сацуу стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцож, ард түмэндээ бахархал, омогшил нь болж байна. “Үүрэг өгөхөд үгүй гэдэггүй” цэргийнхэн гайхамшгийг бүтээдэг юм байна гэдгийг төр засаг, ард түмэн ойлгож, дэмжиж байгааг та бүхэн мэднэ. Үүний үргэлжлэл болгож 2021 онд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын тусгай хэрэгцээний газарт албан тушаалын орон сууц барих, цэргийн жишиг хотхоныг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд анхлан байгуулах, алба хаагчдаа ая тухтай орчинд нөхцөлд ажиллах боломжийг нь нэмэгдүүлэх зэрэг төлөвлөсөн олон ажил байна. Гэхдээ өнөөдрийн цар тахлын хүнд цаг үеийн байдлаас харахад улс орны эдийн засаг ирэх жил сулрах эрсдэл байгаа учир бид салбарынхаа төсвийг үр дүнтэй зарцуулж, үргүй зардлыг хязгаарлах хариуцлага байгааг бүх түвшиндээ анхаарч ажиллаарай. Гуравдугаарт, 2021 он бол БХЯ-ны 110 жил, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Энэ түүхт ой ард түмний баяр бөгөөд бид иргэн цэргийн харилцааг бэхжүүлж, цэрэг дайчдаа сурталчлахад онцгой анхаарах ёстой” гээд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд дээд удирдлагууд цаг ямар үүрэг, чиглэл өгч байхыг сануулаад цэргийн алба хаагч гэдэг олны дунд үлгэр жишээ нэгэн байх ёстой гэлээ. Төгсгөлд нь тэрээр Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны дайчид, хилийн чанадад Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон нийт ажилтан, албан хаагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе гэсэн юм.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг 2021 онд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, ёс зүйг нэмэгдүүлэхэд нь онцгой анхаарч ажиллана хэмээн онцолсон юм.

Хурлын төгсгөлд зарим удирдлагууд санал хэлсэн бөгөөд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар гурван асуудал хөндсөн. Нэгдүгээрт, зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах талаар бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах шаардлагатайг дурдав. Зэвсэглэл, цэргийн техникт ашиглагдаж байгаа нь насжилт өндөр учир бодлогын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгааг дурдаад хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд энэ талаар ярилцах боломжтой гэлээ. Хоёрдугаарт, зэвсэглэл, цэргийн техникийг шилжүүлэх, удаан хугацааны хадгалалтаас гаргах асуудлыг мөн дүрэм, журам, зааврын нэг төрлөөр нь боловсруулж, нэг мөр болгох хэрэгтэй гэв. Төгсгөлд нь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын насжилт өндөр зарим барилгыг хөндөж ярьсан юм. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг эдгээрийг хэрхэн шийдвэрлэх, ямар гарц, гаргалгаа байгаа талаар тодорхой хариулт өгсөн юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113