Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалынхан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө дүгнэж, тэргүүнүүдээ тодрууллаа. “Хуурай замын цэргийн тэргүүний хамтран ажиллагч байгууллага”-аар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар шалгарлаа. Өмнөговь аймгийн ЗДТГ-ынхан 2020 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн зарим объектыг бүрэн хэмжээнд засварлаж шинэчлэхэд хамтран ажиллаж, санхүүжилтийг нь шийдсэн бөгөөд Зэвсэгт хүчинд ээлтэй байгууллага юм.
“Хуурай замын цэргийн тэргүүний салааны захирагч”-аар тэргүүн байрт Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч П.Үнэнбаяр, дэд байрт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч А.Төгөлдөр, “Хуурай замын цэргийн тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн түрүүч Б.Бямбадорж нар шалгарсан юм.
Хуурай замын цэргийн командлалын “Тэргүүний офицер”-оор тэргүүн байрт Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Б.Эрдэнэпил, дэд байрт Хүний нөөцийн хэлтсийн нөхөн хангалтын офицер, хошууч Э.Эрдэнэбаатар, гутгаар байрт Материал, техникийн хэлтсийн хангалтын офицер, ахмад Г.Эрдэнэсүх нар шалгарлаа.
Тус командлалын “Тэргүүний ахлагч”-аар тэргүүн байрт Хүний нөөцийн хэлтсийн хэрэг хөтлөгч, ахлах ахлагч Б.Ганжаргал, дэд байрт Захиргааны удирдлагын хэлтсийн архивын эрхлэгч, сургагч ахлагч Ш.Олдохбаяр нар, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар тэргүүн байрт Хангалт үйлчилгээний тасгийн сантехникийн слесарь Х.Баярбаатар, дэд байрт Захиргааны удирдлагын хэлтсийн бичээч-оператор Ц.Нарантуяа нар шалгарсныг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
