Улс орон даяар цар тахлын халдварын нөхцөл байдалтай уялдуулан бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон энэ үед Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноороо сайн үйлсийн аян өрнүүлж, зорилтот бүлгийн иргэдэд хандивын гараа сунгасаар байна. Зэвсэгт хүчний 014, 327, 336 дугаар ангиуд саяхан орон нутгийнхаа зарим айл өрхөд хүнс, түлээ, нүүрс хандивласан бол Зэвсэгт хүчний 119, 327 дугаар ангиуд дахин үргэлжлүүлэн буухиалжээ.
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж амьдардаг зорилтот бүлгийн зарим айл өрхөд хүнсний хэрэгцээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүнийг хандивлав. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 11 дүгээр дунд сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу зорилтот бүлгийн сурагчдын ар гэрт хүнс, эд материалын дэмжлэг үзүүлсэн юм. Сурагчид “Цэргийн ах, эгч нартаа баярлалаа. Би яг та нар шиг эх орныхоо төлөө зүтгэнэ” хэмээн баярласнаа илэрхийлжээ.