Хуурай замын цэргийн төрөл мэргэжлийн дарга, офицерууд 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаяр, Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Б.Эрдэнэпил, төрөл мэргэжлийн офицер, хурандаа Н.Сүхбаатар, Инженерийн дарга, хурандаа С.Содов, Холбооны дарга, хурандаа О.Заяат, химийн офицер, дэд хурандаа Б.Бат-Амгалан нар 2020 онд чиглэл бүртээ хэрэгжүүлсэн ажил, бүтээлч санал санаачилга, цаашид төлөвлөсөн арга хэмжээнийхээ талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Төрөл мэргэжлийн цэргийн дарга нарын илтгэлийн дараа Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр төрлийн мэргэжлийн цэргийн дарга, офицеруудын гүйцэтгэж буй үүрэг, Хуурай замын цэргийн хөгжил, шинэчлэлд оруулж буй хувь нэмэр, ач холбогдол, хамтарсан сургуульд, дадлага дахь оролцоо, цаашид анхаарах асуудлын талаар нэгдсэн тайлан тавьсан юм.
Төгсгөлд нь Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар төрөл мэргэжлийн цэргийн дарга, офицеруудыг цаашид үйл ажиллагаанд тусгаж, анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн юм. Тэрээр “Сүүлийн жилүүдэд манай төрлийн мэргэжлийн цэргийнхний гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Ололт амжилт ч бишгүй. Гэхдээ та бидэнд анхаарах хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, эрх зүйн баримт бичгүүдээ илүү боловсронгуй болго. Ялангуяа, энэ цаг үед хамгийн түрүүнд эрх зүйн орчныг бүрдүүлэх зүйл бол тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлгийн тухай юм. ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдад танилцуулсан, удахгүй Засгийн газрын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Хуучин ЗХУ-ын цэргийн нэгтгэл, ангиудын байрлаж байсан районы орчимд тэсэрч дэлбэрэх зүйлсийн эрэл хайгуул заавал хийх шаардлагатай. Хэрэв эрх зүйн орчин нь бүрдчихвэл Дорноговь аймгийн Зүүнбаянгийн район, Дорнод аймгийн Халхгол сумын район, Төв аймгийн Баянжаргалан сумын район гээд хэд хэдэн аймаг, сумдад сум, галт хэрэгслийн эрэл, хайгуул хийж, устгах зайлшгүй хэрэгцээ, шаардлага байна. Хэрэв хайгуул хийж, устгахгүй бол иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй хэвээрээ байна.
Хоёрдугаарт, төрөл мэргэжлийн цэргийнхэн хэтийн төлөв, зорилго, зорилтоо илүү боловсронгуй, тодорхой болго. Гуравдугаарт, гүйцэтгэх үүрэг, чадавхаа нэмэгдүүлэхэд бүх түвшиндээ анхаар гээд цаашдын албанд нь өндөр амжилт хүссэн юм. Энэхүү тайлангийн хурал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийн хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг баримтлан явагдсан юм.