
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн төгсгөлийн шат 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ОХУ-ын Буриалын нутаг дэвсгэр “Бурдун”-ы полигонд амжилттай явагдсан билээ. Тус сургуульд Монгол Улсын Онцгой комиссын зөвшөөрөл, шийдвэрийн дагуу Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраар ахлуулсан Опертавын шуурхай бүлэг оролцож, хамтарсан сургуулийг амжилттай явуулсан юм.
Тэгвэл тус сургуулийн хаалтын ёслолын үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар хоёр улсад нэгэн зэрэг зохион байгуулагдсан хамтарсан сургуульд мэргэжлийн ур чадвар гарган идэвх санаачилгатай оролцсон 20 гаруй офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нарт “За укрепление боевого содружества” буюу “Дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө” медалиар шагнаснаа бригадын генерал Л.Онцгойбаярт гардуулан өгсөн юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тушаалаар хоёр улсын хамтарсан хээрийн сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн хэмээн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарын 20 офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарт олгогджээ. Тухайлбал, ахмад Н.Энхбазар (016), ахмад Г.Энхжин (326), ахлах ахлагч Э.Арвижих (167), ахлагч С.Пүрэвдорж (256), түрүүч Г.Баасандорж (120), байлдагч Б.Ангараг (120) нарын 20 офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарыг “Дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө” медалиар тус тус шагнажээ. Тус шагналыг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсны өдрөөр тус нэгтгэл, ангиудын удирдлагууд нь гардуулан өгөх юм.
Дашрамд онцлоход, “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан анх удаа өөр өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан бөгөөд энэ нь хоёр орны дайчин нөхөрлөл дайны хүнд жилүүдэд ч, энх цагийн бүтээн байгуулалтад ч, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед ч улам батжин бэхжиж, гүнзгийрч байгааг нотлон харуулж байгаа юм. Хамтарсан сургуулийн үр дүнд манай хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг дадлага, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний анги салбаруудын харилцан ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Хамтарсан хээрийн сургууль 13 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдсан нь энэ юм.
