
ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн дагуу хурандаа цол олгосон билээ. Энэ үеэр Хуурай замын цэргээс дөрвөн хурандаа “төрсөн” бөгөөд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Эрдэнэбаатар, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Ц.Батхүү, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Т.Тогмиддүүмий, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн штабын дарга, дэд хурандаа Д.Туул нарт хурандаа цол олгогдсон юм. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэд хурандаа Г.Эрдэнэбаатар, дэд хурандаа Д.Туул нарт хурандаа цолыг гардуулан өгч, дэд хурандаа Ц.Батхүү, Т.Тогмиддүүмий нарт цахимаар ЗХЖШ-ын даргын тушаалыг танилцуулан, хурандаа цол хүртсэнд нь баяр хүргэсэн юм. Тэрээр “Юуны өмнө цол нэмсэн алба хаагчдадаа баяр хүргэе. Хурандаа гэдэг эрхэм цол. Энэ цолыг үүрэг, хариуцлага хоёр үргэлж дагаж очдогийг онцгойлон хэлье” гээд нэгтгэл, ангиуд энэ цаг үед цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг ягштал мөрдөж ажиллахыг үүрэг болгосон юм.
