• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОЦГООЁ
Нийтэлсэн: 2020-12-04 15:33:29
Үзсэн: 52

ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОЦГООЁ
Нийтэлсэн: 2020-12-04 15:33:29 Үзсэн: 52



Эдүгээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил болсон интернэт, гар утас, цахим шуудан, фэйсбүүк хаягаараа хуваалцаж байгаа (share), дэмжиж эсвэл эсэргүүцэж байгаа (Like or dislike), өөрийн санаа бодлыг илэрхийлж байгаа (comment) мэдээ, мэдээлэл нь тухайн хүний хандлага, ёс зүйг тод томруун харуулах нэг илэрхийлэл болсон. Энэ нь хувь хүний мэдээ, мэдээллийг мэдэх эрх чөлөө боловч цэргийн алба хаагчийн хувьд өөр асуудал юм. Учир нь Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн албатай холбогдох мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьснаар албаны нууцлал, аюулгүй байдал, байгууллагын дотоод зохион байгуулалтад нөлөөлөхүйц хүндрэл үүсгэх үндсэн нөхцөл болж байна.

Уг нийтлэлийг бичихээс өмнө цэргийн сэтгүүлч “Дүрэмт хувцастай зураг цахим орчинд байж болдоггүй юм уу?” гэсэн энгийн асуултыг Мэдээллийн аюулгүй байдлын албанд тавьсан. Үүнийг бид мэргэжлийн байр сууринаас өргөн хүрээтэй, цаад мөн чанарыг нь цэргийн алба хаагчдад ойлгуулах талаас нь хариулахыг хичээлээ. Цэрэг хүн Цэргийн тангараг өргөснөөс хойш цэргийн албаны онцлог, дүрэм, журмаар тогтоосон хэм хэмжээнд захирагдаж, төрийн нууцын тухай хуулийг чанд мөрдөн биелүүлэх ёстой байдгийг та бүхэн сайн мэднэ. Цэргийн алба хаагчийн хэлсэн үг, хийсэн үйлдэл, албаны хувцас, хэрэглэл нь нийгмийн толь болж, олон нийт түүнийг соргогоор хүлээж авдаг учраас цахим сүлжээнд алба, ажилтай холбогдсон мэдээ, мэдээллийг зөвшөөрөлгүй түгээхийг хязгаарлах, хориглох гээд байгаагийн учир шалтгааныг таниулах, өөрийн болон хамт олон, найз нөхдийн тухай эерэг болон сөрөг мэдээ, мэдээлэл тархаахаас хамгаалах, зайлсхийх, таслан зогсоох хүртэлх арга хэмжээг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сонины энэ дугаараар онцолж буй нь энэ.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ УЧИР ШАЛТГААНЫГ ОЙЛГОХООС ЭХЭЛНЭ

Сүүлийн жилүүдэд гаднын орнуудын туршлага, сургамжуудыг судлахад цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтийн, сургалт бэлтгэлжилтийн буруугаас шалтгаалсан алдаа, эндэгдэл гарах нь багасаж, харин интернэт, ухаалаг гар утасны болон байршил тогтоогчийг идэвхжүүлэн олон нийтийн сүлжээний хувийн хаягтаа байршуулснаас ажиллагааны газар орон, хөдөлгөөний маршрутын мэдээлэл алдагдаж, сөрөг үр дагаварт хүргэсэн жишээ цөөнгүй гарчээ. Харин манай цэргийн алба хаагчдын хувьд дүрэмт хувцасны зөрчилтэй зургаа байрлуулах, цэргийн зэвсэг, техникийн онцлогийг харуулсан зураг, дүрс оруулах, цэргийн ажил, амьдралыг нийтэд зөвшөөрөлгүй дэлгэхийг уриалан дуудах, гадаад улс орон руу зорчих үедээ сүлжээнд нислэгийн маршрутаа байршуулах, өөрийн гэр бүлийн гишүүд, балчир хүүхдийн болон тэтгэвэр, чөлөөнд гараад хийж гүйцэтгэж байсан алба, үүргийг бусдад дурсамж болгон дэлгэх, ой, тэмдэглэлт өдрүүдээр сүлжээнд дүрэмт хувцастай зураг, бичлэг тавьж, талархал мэндчилгээ дэвшүүлэн олноороо идэвхжин давлагаалах зэрэг эерэг, сөрөг үр дагавартай мэдээ, мэдээлэл түгээх үзэгдэл элбэг болсон. Таны хувьд хувийн гэсэн мэдээлэл дотор албан хэрэгцээнд хамаарах мэдээ, мэдээлэл хавсрагдсан байна гэдгийг мэдэхгүйгээр олон нийтэд түгээх нь цэргийн байгууллагын онцлогийг үл анзаарч, үүсэж болох уршигт нөхцөл байдлыг бага ухаарч байгаатай холбоотой.

Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн тангараг, дүрэм, журамд төрийн, албаны, хувь хүний нууц, аюулгүй байдалтай холбогдох мэдээ, мэдээллийг хамгаалах, олон нийтийн сүлжээгээр тархаахгүй, задруулахгүй байх, нам, эвсэл, холбооны гишүүн байхыг хориглоод зогсохгүй тэдний үйл ажиллагааг сурталчлахгүй байх заалтууд хангалттай тусгагдсан. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб албан даалгавар, зөвлөмжийг боловсруулан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, цэргийн алба хаагчдад энэ талын мэдээллийг албаны шугамаар хүргүүлсээр ч ирсэн. Үүнээс үүдэн “Эдгээр албаны баримт бичгүүдээс Та юуг ойлгож, мэдэж авсан байх шаардлагатай бэ?”, “Зэвсэгт хүчнийг олон нийтийн сүлжээгээр хувийн хаягаасаа сурталчлах албан ёсны субъект нь Та мөн үү?, “Өөрийн тавьсан мэдээ, мэдээлэлдээ баталгаа өгч чадах итгэл үнэмшил Танд байна уу?” гэсэн асуултууд урган гарч ирнэ.

Иймд цэргийн анги, байгууллагын дугаар, бүрэлдэхүүн, байр, байдал, боломжтой холбоотой мэдээллүүд, тусгай зориулалтын болон байлдааны техник хэрэгслийн зураг, дүрс, бүдүүвч, ажиллах заавар, анги, байгууллагын байнгын байрлал, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа газар орон, сургуулийн талбай, тусгай томилгоот бие бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг, ажиллагааны зорилго, зорилт, зам, маршрут, хөдөлгөөн байрлал, нэгдсэн төлөвлөгөөгөөр зохион байгуулсан болон хойшлуулшгүй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийн холбогдох хэсэг, өөрийгөө болон хамтран ажиллагчдынхаа албаны үйл ажиллагааны онцлог, давуу болон сул талыг харуулсан хээрийн болон албаны хувцастай гэрэл зураг, аудио, видео дүрс, гар утасны болон агаарын тээврийн байршил тогтоогч хэрэгслийн үйлчилгээний тусламжтайгаар өөрийнхөө хаана байрлаж, хаашаа хөдөлгөөн үйлдэж байгаа чиглэл зэргийг илэрхийлэх хувийн болон албаны нууцлал, аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг ойлгоорой.

Ер нь гадаадын болон өөрийн орны гаднын харьяат иргэдтэй харилцахгүй байх, хувийн шугамаар найзлах хүсэлт илгээх, өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ цахим банкны данс, ажил, сургуулийн нэр, хаяг, байршлын тухай мэдээллийг цэргийн алба хаагч хувийн хаягтаа байлгах шаардлагагүй. Эдгээрийн учир шалтгааныг Та цэргийн алба хаагчийнхаа хувьд мэдэж, мэдээ, мэдээлэлтэй холбогдох эрсдэлд орохоос өөрийгөө хамгаалж, цахим орчны ухаалаг, зөв хэрэглээг бүрдүүлэх, төлөвшүүлэх нь чухал юм.

ЦАХИМ ОРЧНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭГ ТОГТООЖ, ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ НЬ ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НӨХЦӨЛ МӨН

Цэргийн нэгтгэл, ангийн байрлал, дадлага, сургуулийн талбай дээр тодорхой нөхцөлтэйгөөр цахим орчны хэрэглээний хамрах хүрээг тогтоож, хязгаарлалт хийх нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндсэн арга хэмжээ юм. Агуулгыг нарийсгаж хэлбэл, Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, цэргийн сургуулийн сонсогч нар, тусгай болон энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүн, хуулиар цэргийн сургалтад хамрагдаж буй бэлтгэл үүрэгтэн, оюутан цэрэг, цэргийн анги, байгууллагад энгийнээр ажиллаж байгаа ажилтан албан хаагч, гэрээгээр түр үүрэг гүйцэтгэж байгаа иргэд, цэргийн ангид албан ажлаар түр нэвтрэх зөвшөөрөл олгогдсон иргэд, олон улсын хамтарсан команд штабын сургууль, хээрийн сургуульд оролцож байгаа офицер, ахлагч нарт цахим орчны үйлчилгээг тогтоосон горимоор ашиглах боломжийг нээн өгч байгаа хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, ажил, арга хэмжээний нууцлал, аюулгүй байдалд хяналт тавихын тулд байршил тогтоогч идэвхжүүлэх, утасгүй сүлжээнд холболт хийх, фото болон видео бичлэг хийх, интернэт болон дотоод сүлжээнд холбох, интернэт, гар утаснаас мэдээлэл тараах, хадгалах, зөөх хэрэгсэл ашиглах, хувийн хэрэгцээний гар станц, радио нэвтрүүлэгчийг нэвтрүүлэг дээр ажиллуулах, зөөврийн бүх мэдээлэл тээгчийг албаны компьютерт холбох зэрэг сүлжээний үйлчилгээг зарчмын хувьд хязгаарлалттай горимоор хэрэглэж, хориглоно гэсэн үг. Иймд цэргийн байгууллага дээр ашиглахыг зөвшөөрсөн интернэт болон ухаалаг гар утасны үйлчилгээг урвуулан хувийн хэрэгцээндээ ашигладаггүй, тогтоосон хязгаарлалтыг дагаж мөрддөг ёс зүйтэй байх нь цэргийн алба хаагчийн үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс албан ажлаа хийх явцдаа хувийн компьютер, гар утасны программ, техник, технологийн тохиргоог “идэвхжээгүй” ажлын горимд тавьж сурах нь маш чухал гэдгийг Та байнга санаж, хэвшүүлээрэй.

Энд тодруулж хэлэхэд, цэргийн алба хаагчдыг цахим хувийн хаягтай байхыг хориглоогүй ч Таныг уг хаягтаа албаны дүрэмт хувцас хэрэглэсэн, нүүр хуудасны мэдээлэлдээ гүйцэтгэж байгаа албан тушаал, мэргэжил, хаяг байршил, амьдарч буй хот, засаг захиргааны нэгжийг хамааруулан бүртгэлжүүлэхгүй байхыг зөвлөе.

ЗӨВ ХЭРЭГЛЭЭНД ДАДАХ НЬ ЧУХАЛ

Интернэт, гар утас бол хүн төрөлхтний харилцааны гол хэрэглүүр болохын хувьд ухаалаг, зөв зохистой хэрэглээг бүрдүүлж, ажил, албандаа ашиглах шаардлага бидэнд тавигдаж байна. Гэтэл сүүлийн үед дан залуус ч гэлтгүй бүх насныхан цахим үйлчилгээнд донтох болсон. Үүнээс болж бие бүрэлдэхүүний ажлын бүтээмж, сурч боловсрох цаг хугацаа, биеийн эрүүл мэнд зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс төрийн болон албаны нууцыг хамгаалах, горимыг мөрдүүлэх, нөгөө талаас цэргийн алба хаагчдыг цахим орчны зөв хэрэглээнд сургах зорилт зайлшгүй дэвшигдэж байна.

Иймд тухайн анги, байгууллагын удирдлага, хамт олон дээр дурдсан цахим орчны ухаалаг, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарч, энэ талын мэдлэг, боловсролыг цэргийн алба хаагчдад олгоход бүх талаар анхаарах хэрэгтэй. Ингэхдээ ажлын байрандаа хувийн интернэт, ухаалаг утасны зарим үйлчилгээнээс татгалзах шалтгаан, үндэслэл, ач холбогдлыг онолын үүднээс нь сайтар тайлбарлан таниулж, хий хоосон хэлбэр хөөсөн байдлаар биш, баримтад тулгуурлан харилцан санал солилцох, зөвшилцөх, үзүүлэн таниулах, ойлголцох хэлбэрээр зохион байгуулж хэвших хэрэгтэй байна.

Эцэст нь төрийн хүний хувьд цахим орчинд хариуцлагагүй үйлдэл хийдэггүй ёс зүйтэй байж, хязгаарласан үйлчилгээний горимыг сахиулж, мэдээ, мэдээлэл алдагдахаас сэргийлж, үнэт цаг, боломжоо үр дүнтэй ашиглаж, бүтээлчээр ажиллахыг уриалж байна.

ЗХЖШ-ын Удирдлага, холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 111