• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГТГЭЛ, АНГИУД МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТЫГ ЯВУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Нийтэлсэн: 2020-12-07 15:23:02
Үзсэн: 412

НЭГТГЭЛ, АНГИУД МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТЫГ ЯВУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Нийтэлсэн: 2020-12-07 15:23:02 Үзсэн: 412



     2015 онд Монгол Улсын Их хурлаас Монгол хэлний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан билээ. Өөрөөр хэлбэл,  энэ цаг үеэс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж хуульчлан заасан юм. Монгол хэлний тухай хуулийг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн тогтоолыг баталсан ба энэ нь монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулдаг болгоход чиглэсэн юм.

Тэгвэл “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиуд Монгол бичгийн хэрэглээний орчныг бүрэн бүрдүүлэх зорилгоор дотооддоо системчилсэн сургалтуудыг зохион байгуулж эхлээд байна. 


Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан гэхэд бие бүрэлдэхүүнийнхээ монгол бичгээр бичих, унших чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн сургалт явуулж эхэлсэн юм. Монгол бичгийн сургалтын тус ангийн номын санч, нярав Б.Энхтуяа удирдан явуулж байгаа ажээ.


Мөн Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу тус ангийн архивын эрхлэгч, ахлагч М.Үүрийнтуяа Монгол бичгийн сургалтыг тодорхой тооны бүрэлдэхүүндээ өнгөрсөн 8 дугаар сараас явуулж эхэлсэн ба тэдний уншиж, бичих чадварыг нь шалгахад ахмад М.Очирхүү, М.Чинзориг, дэслэгч Т.Сайханбилэг, М.Мөнхбаяр, Л.Баттүвшин, ахлагч Э.Энэбиш, Б.Одончимэг, Т.Одхүү нар онц дүнтэй шалгагдсан байна. 

Дашрамд дурдахад, XIII зуунаас эхлэн монголчууд монгол бичгийг төрийн үйл хэрэгт болон шинжлэх ухааны бүтээл туурвилыг бүтээхэд хэрэглэсээр ирсэн, албан ёсны сонгодог төдийгүй дэлхийн бичиг соёлын нандин өв юм. Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг соёлын өв сангийн өмнө монголчуудын хүлээж байгаа эрхэм үүрэг юм. 

1946 оноос хойш төрийн албан хэргийг кирилл бичгээр хөтлөн явуулж байгаа ч төрийн байгууллагын тамга, тэмдгийг монгол бичгээр үйлдэн хэрэглэж, иргэний болон боловсролын бичиг баримтыг кирилл болон монгол бичгээр. зэрэгцүүлэн бичиж байгаа нь монгол бичиг төрийн хэрэгт зохих үүргээ гүйцэтгэсээр байгаагийн нэгэн бодит жишээ болно гэж эрдэмтэн судлаачид онцолжээ. 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 111