Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Гадаад хэлний сургалтын төв 5 дахь удаагийн төгсөгчдөө бэлтгэн гаргалаа. 2021 онд АНУ-ын Энэтхэг Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар шангаа татаж байсан Гадаад хэлний сургалтын төв тав дахь жилдээ Хуурай замын цэрэг болон төрийн цэргийн байгууллагын офицер, ахлагч нарт англи хэлний мэдлэг олгох үүргээ гүйцэтгэсэн нь энэ.
Англи хэлний дунд шатны дамжааны төгсөлтийн арга хэмжээнд ХЗЦК-ын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат нар оролцож, суралцагч нарт сертификат гардуулж, баяр хүргэлээ. Тав дахь удаагийн англи хэлний дунд шатны дамжааг 15 офицер, ахлагч дүүргэсэн бөгөөд тэдний хоёр нь хамтын ажиллагааны хүрээнд суралцсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагчид юм.
Төгсгөлтийн ёслолын үеэр ахлах дэслэгч Д.Дашмягмар (167) англи хэлээр илтгэл тавьж, ахлах дэслэгч Р.Билэг (014) мөн л англи хэлээр баярын сэтгэгдлээ хуваалцаж, шилдэг төгсөгчөөр дэслэгч Б.Болорцэцэг (327) шалгарав. Тав дахь удаагийн дамжаанаас эхлэн номын шалгалтууд болон төгсөлтийн шалгалтын оноогоор шилдэг төгсөгчийг тодруулж эхэлсэн ба анхны шилдгээр дэслэгч Б.Болорцэцэг тодорсныг Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Б.Гансүх зарлаж, баяр хүргэлээ.