Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан нийслэл Улаанбаатар хотоос баруун аймгуудад зорчих төв замаас Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв хүртэлх зорчих замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсээр байна.
"Хааны эрэлд-2025" олон улсын энхийг дэмжих сургуулийн хүрээнд АНУ-ын Зэвсэгт хүчний инженерийн цэргүүдтэй хамтран зургаадугаар сарын 13-ны өдрөөс бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд уг олон улсын сургууль өндөрлөмөгц Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан дангаараа гүйцэтгэж эхэлсэн юм.
Инженерийн цэргүүд баруун аймгууд руу зорчих хэсэг буюу Эмээлт орчмын төв замаас Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв хүртэлх 18 км замыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн барихаас одоогийн байдлаар 40 гаруй хувийн ажлын гүйцэтгэлтэй байна.
Бүтээн байгуулалтын явцтай 07 дугаар сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал танилцсан ба энэ үеэр тус ангийн захирагч, Монгол Улсын гавьяат барилгачин, хурандаа Б.Энхбаяр 80 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй засмал зам барихын сацуу ус өнгөрүүлэх гүүр, хоолой, далан зэрэг бүтээн байгуулалтыг цогцоор нь гүйцэтгэж буйг онцолж байсан юм.