Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хааж байгаа түрүүч байлдагч нар “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд цэргийн эрдэмд суралцахын сацуу МСҮТ-ийн дэмжлэгтэйгээр нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж, жолооны дамжаанд суралцаж, англи хэл, монгол бичиг, компьютерийн зохих мэдлэгтэй болж байна.
Товчхондоо өгүүлэхэд ирэх намар халагдах байлдагч Дорж монгол бичгээр төвөггүйхэн бичиж, уншиж, англи хэлээр өөрийгөө танилцуулж, бусадтай ойлголцож, жолоо мушгих эрхтэй, эрэлттэй мэргэжил эзэмшсэн шилдэг боловсон хүчин болон гэртээ харина. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нийгэмд ингэж л бэлтгэгдсэн иргэнийг, эх орон дуудахад хэзээд бэлэн эр цэргийг бэлтгэж байна. Ингэж бэлтгэхийн зэрэгцээ өмнөх уламжлалаараа түрүүч, байлдагч нараа ЭЕШ өгч, хүссэн их дээд сургуульдаа элсэх боломжийг олгосон ба зарим нь ч их сургуулийнхаа урилгыг аваад баяр хөөртэй байна гэнэ. Хугацаат цэргийн албанаас хүссэн сургуульдаа тэнцсэн тэдгээр олон дайчдаас заримыг нь онцолбол Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч Г.Тэмүүлэн, С.Баярхүү, О.Төгөлдөр нар юм.
Байлдагч Г.Тэмүүлэн ШУТИС-ийн цахилгаан системийн автоматжуулалт, байлдагч С.Баярхүү МУБИС-ийн Англи хэлний багш, байлдагч О.Төгөлдөр МУИС-ийн бүс нутгийн төлөвлөлт зэрэг мэргэжлээр суралцах эрхтэй болж, их жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөний өмнө ийнхүү баяртайгаар гэрэл зургаа татуулжээ. Тэдэнд цэргийн алба хувь хүний хөгжлийн орчин нь, хүсэл мөрөөдлийг нь гүйцээх гүүр нь болж чадлаа.
Ахмад Д.БОЛОР