Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалынхан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан 05 дугаар сарын 31-ний өдөр бие бүрэлдэхүүнийхээ гэр бүл, үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өдөрлөгийг алба хаагчдынхаа хань ижил, үр хүүхдүүдтэй эргэх холбоог сайжруулах хүрээнд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Мод үржүүлгийн талбайд мод тарьж, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах үйлстэй хослуулснаараа онцлог байв. Аав ээж хүүхдүүд хамтдаа мод тарьж “Хамтдаа” хэмээх төгөл байгуулж, бүр байгаль орчинд ээлтэй байдлаар хаягжуулсан нь тун содон байлаа.
Өдөрлөгийн эхэнд Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал уригдан ирсэн алба хаагчдынхаа гэр бүл, үр хүүхдүүдэд “Та бүхнийгээ түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, эрхээ хамгаалж, үүргээ биелүүлж чаддаг, аав ээж, ахан дүүсээ хүндэлдэг, байгаль эх дэлхийгээ хайрладаг, буруу муу зуршлаас хол, гэгээн мөрөөдөл, хүсэл зорилгынхоо төлөө хичээн суралцаж, улс орондоо хариуцлагатай иргэн болж, эх орныхоо хөгжлийн түлхүүр, түүчээ болно гэдэгт итгэж байна. Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, сургаал, үүрэг хариуцлага хамгаас чухал” гэдгийг бүрэлдэхүүнд захиж, багачуудын хамгийн их хүсэн хүлээдэг хэсэг болох уут дүүрэн бэлгийг нь гардуулж, баяр хүргэлээ.
Хүүхэд багачуудын баяр баясал цалгисан энэхүү өдөрлөг олон олон гэнэтийн бэлгээс бүрдсэн байсан бөгөөд БНСӨУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа гэр бүлийнхэнтэй нь цахимаар “уулзуулж”, хилийн чанадад ажил албаа нэр төртэй гүйцэтгэж буйг нь хайртай бүхнийх нь дэргэд бахдалтайгаар зарлаж байв. Үүнийг залгаад “Бид нэг гэр бүл” буухиа тэмцээнийг гэр бүлүүдийн дунд явуулж, “Бяцхан оддын тайз”-ыг тусгайлан бэлтгэж, багачууд дуугаа дуулж, бүжгээ толилуулахад нь ч туслав. Дэд хурандаа Б.Гансүх, дэд хурандаа З.Ариунболд, ахлах ахлагч Г.Отгонбаяр нарын охидууд дуу, бүжиг, шүлгээр бэлэг барьж, цугласан олны алга ташилтаар хариу талархал хүртлээ.
Урлагийн тоглолттой, тоглоомын талбайтай, хүүхдийн галт тэрэгтэй, усан бөмбөлөгтэй, амтат зайрмагтай, аав ээжийнх нь ажлын онцлогийг харуулсан төрөл бүрийн үзэсгэлэнтэй, аз жаргалтай агшин бүрийг нь угааж бэлэглэх үйлчилгээтэй гээд алба хаагчдынхаа гэр бүл, үр хүүхдүүдэд бүрэн зориулагдсан өдөрлөг болж, аав ээж нь жаргалтай, үр хүүхдүүд нь баяр баясал, дурсамж дүүрэн гэр гэртээ харьцгаалаа.