"Төрийн цэргийн байгууллагуудын тэргүүний түрүүч, байлдагч"-ийн тэмцээнд анги байгууллагаасаа шалгаран оролцсон 22 байлдагчаас Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дайчин залуу шалгарч, цом өргөлөө. Байлдагч нараасаа тэргүүлсэн байлдагч Д.Энхбаярын тухай мэдээлэл хүргэхэд тэрээр 2021, 2022, 2023 онуудад Улаанбаатар хотын аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээний спорт моделийн төрөлд тэргүүлсэн залуу. Бас сагсан бөмбөгийн шилдэг тамирчин. Улсын болон аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хоцорч үзээгүй, түүнийгээ дагаад медальгүй үлдсэн он жил түүнд үгүй.
Байлдагч Д.Энхбаярыг тодорхойлох олон эрхэм чанар бий. Байгаль дэлхий, хувь хүний хөрөг гэрэл зураг буулгахдаа авахдаа мэргэжлийн, учир нь Дорноговь аймагтаа гэрэл зурагчнаар ажиллаж байсан залуу. Тэр бас фитнесээр хичээллэдэг, цэргийн албанд ирсэн ч биеэ урлах сонирхлоо гээлгүй авч яваа байлдагч.
Тэрээр Баянхонгор аймгийн Заг сумын уугуул бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2020 онд дүүргэж, Төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг 2022 онд туслах машинист мэргэжлээр төгссөн, эхнэр хүүгийн хамт амьдардаг. 2021-2023 онд Дорноговь аймгийн “Хангарди” фитнес клубт дасгалжуулагч, 2023 оноос Дорноговь аймгийн “Jam photo studio”-д гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байгаад өөрийн хүсэл мөрөөдлөөр цэргийн албанд татагдан ирж, үеийн олон залуустай мөр зэрэгцэн гүйж яваа нь энэ ээ. Чөлөөт цагаараа сагсан бөмбөг, ширээний тоглох, дартс шидэх, гэрэл зураг авах, хоол хийх бас шүлэг бичих дуртай. Цэргийн албанд ирснээр өөр нэг сонирхлыг өөртөө нээж олсон нь шүлэг бичих гэнэ. “Эх орны цэрэг-2025” яруу найргийн наадамд анги байгууллагаа төлөөлөн оролцож, эх орны гайхам сайхныг уран яруу үгээр илэрхийлдэг үе үеийн яруу найрагчидтай нэг тайзнаа зэрэгцэн зогсох завшаан тохиосонд нь тун баяртай байна билээ.
“Эх орны цэрэг-2025” яруу найргийн наадамд бичсэн шүлэг нь хэдий хол давхиагүй ч Зүүнбаян тосгоны яруу найрагчдын тэмцээнд хүүдээ зориулсан “Төгстөгөлдөр” шүлгээрээ түрүү байр хүртсэн баяртай мэдээг нь хуваалцаж буйдаа таатай байна. Хөдөлмөр бүтээлийг зорилгоо болгосон түүний цээжинд хүсэл мөрөөдөл, зорилго төлөвлөгөө ч дүүрэн байна. Хамгийн ойрын зорилго нь эх орны албыг үлгэр жишээ хаах чин хүсэл.
Энэ талаар өгүүлэхдээ "Цэргийн алба гэдэг нь дүрэмт хувцас өмсөөд буу үүрээд гүйхийн нэр биш. Аз жаргалтай, амар тайван эх орноо батлан хамгаалах цэрэг дайчдыг, амьдралаа аваад явах төлөвшсөн иргэн хүнийг бэлтгэдэг газар юм байна. Эр хүн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарласан байхад ядаж гэр бүл салалт байхгүй болно. Энэ нь өөрөө нийгмийн том хөрөнгө оруулалт. Цэргийн алба хаасан залуус хэр баргийн юманд барьц алдахааргүй болдог нь ч бодит үнэн" хэмээгээд эх орныхоо өнцөг булан бүрт над шиг эрхэм үүргээ биелүүлж байгаа онжавууддаа энэ өдрийн мэнд хүргэж, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд амжилт хүсье гэлээ.