Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал Япон Улсад 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр хошууч генерал Ч.Цогтжаргал Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Хонда, Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ё.Ёшида, Хуурай замын цэргийн Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Ясүнори Моришита нартай уулзаж, 2014 оноос эхлэлтэй хоёр улсын Хуурай замын цэргийн командлалуудын инженерийн цэргүүдийн хамтарсан “Зам”сургууль үр дүнд сэтгэл хангалуун буйгаа талууд онцлов. Энэхүү хамтарсан сургууль нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэхэд чухал ач холбогдолтой болсныг ч мөн дурдаж байсан юм. Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе хурандаа С.Төмөрхуяг нар оролцлоо.
Мөн хошууч генерал Ч.Цогтжаргал 2025 оноос “Зам” сургууль шинэ шатны хөтөлбөрийн дагуу “НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз байгуулах” сэдвээр Япон Улсын Өөрийгөө хамгаалах Хуурай замын цэргийн Инженерийн сургуулийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж буйтай танилцаж, сургуульд оролцогч Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзсан юм.