• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"МАНАЙ ХОЛБООНООС ГҮЙГЧДЭД ӨДӨР ТУТАМДАА ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙГАА"
Нийтэлсэн: 2025-05-28 11:00:51
Үзсэн: 82

"МАНАЙ ХОЛБООНООС ГҮЙГЧДЭД ӨДӨР ТУТАМДАА ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙГАА"
Нийтэлсэн: 2025-05-28 11:00:51 Үзсэн: 82



     Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар Баян-Өлгий аймаг Алтай таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлсэн “Таван цэг” багийнхан 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гүйж явна. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц Буйр нуураас Бурхантын заставын чиглэлд 2940 км зайд гүйж явааг нь “Таван цэг” багийнхнаас ирүүлсэн мэдээлэлд дурджээ. Монгол Улсад хэт холын зайд гүйж яваа цэргийн алба хаагчдынхаа талаар Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяртай ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

- Зэвсэгт хүчний 2 цэргийн алба хаагч 2025 оны 04 дүгээр сарын 2-ны өдрөөс хэт холын зайд гүйлтээ эхлүүлсэн. Тэр дундаа ахлах ахлагч Э.Даваажамц 57 дахь өдрөө гүйж яваа. Та бүхэн мэргэжлийн байгууллагын хувьд хэрхэн холбоотой байгаа бэ?

    -Гүйлтээ албан ёсоор эхлүүлэхээс өмнө бид гэрээ байгуулсан. Хэт холын зайд гүйхэд гэрээ байгуулж, амжилтаа албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхэд энэ их чухал. Тэр ч утгаараа гэрээ байгуулж, өдөр бүр гүйлтэд нь цаг хугацаа, зай хэмжигч бугуйн цагийн тусламжтайгаар хяналт тавьж, тэмдэглэл хөтөлж байна. Манай гүйгчдийн хувьд марафон гүйлтээр хичээллэхийг биеэр үлгэрлэж яваа залуус учраас бид дэмжиж оролцох нь ойлгомжтой юм.

-“Таван цэг” багийн гүйгчид хэд хэдэн төрлөөр рекорд шинэчилсэн, энэ тухайд?

     -Тэгэлгүй яах вэ. Бидэнд энэ төрлийн мэдээлэл ирж байгаа. Энэ бол хоёр гүйгчдээ онцгойлон баяр хүргэх үйл явдал юм. Монгол Улсад олон өдрийн гүйлтээр 5000 км зайг туулсан түүх байхгүй. Эмэгтэй цэргийн алба хаагчийн хувьд ч ялгаагүй холын зайг богино өдрүүдэд туулснаараа хэт холын марафоны түүхэнд онцгой нэгэн болж тэмдэглэгдэх нь дамжиггүй. Манай холбооны хувьд ахлах ахлагч Э.Даваажамцыг 5000 км замаа амжилттай туулсан тохиолдолд Олон улсын хэмжээний мастер цол олгоно. Учир нь журмаараа 6000 км зайг туулсан марафонч энэ цолыг хүртэх эрхтэй болдог. Ахлах ахлагч Э.Даваажамцын 2021 онд туулсан 2147 км-ийнх нь амжилт дээр одоо гүйцэтгэж яваа 5000 км замыг нэмэхэд энэ цолыг хүртэх болзлыг хангалттай биелүүлнэ гэсэн үг.

    Хэт холын марафон гүйлт гэдэг өөрөө өөрийгөө ялан дийлэх хүнд спортын төрөл л дөө. Байгаль цаг уурын амаргүй нөхцөлд энэ спортыг Монголын ард түмэндээ сурталчилж яваа “Таван цэг” багийнхандаа амжилт хүсье. Зорилгоо биелүүлснийх нь дараа баяртай уулзъя хэмээн үүгээр уламжилъя.

Эх сурвалж: "Хуурай замын цэрэг" сонин

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106