Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хүний нөөцийн офицер, хэрэг хөтлөгч нарын цугларалт 04 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Хуурай замын цэргийн командлалд зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн цугларалтаар командлал, нэгтгэл, ангийн 2025 оны хүний нөөцийн тодотгол хийж, Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын дагуу офицер, ахлагч нарын хувийн хэрэг, алба хаах бүртгэлийн картад баяжилт хийхээр төлөвлөжээ.
Цугларалтын эхэнд тус командлалын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Н.Сүхбаатар нэгтгэл, ангийн хүний нөөцийн офицер, хэрэг хөтлөгч болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах бусад алба хаагчдад таван хоногийн дараа гүйцэтгэж дуусгасан байх ажлуудыг нь тодотгож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэв.
Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр цугларалтад оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Хүний нөөцийн офицер, хэрэг хөтлөгч гэдэг алдах эрхгүй хариуцлагатай алба. Нэг талаас алба хаагчдынхаа төлөө явдаг бат найдвартай ар тал, хэзээд итгэж болох нөхөр нь, нөгөө талаас хууль журмыг мөрдүүлж, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж, шударга ёсыг шаардах албан тушаалтнууд” хэмээгээд нэгтгэл, ангийнхаа алба хаагч бүрийг дор хаяж 90 хувь хүртэл мэддэг байх ёстойг нь сануулав.
Цугларалтад оролцогчдод тэрээр “Хэн хэн алба хаагчдаа шагнал урамшуулал, ажилласан жил, хүртсэн одон медаль, ажиллагааны туршлага, гэр бүлийн байдал, бага насны хүүхдийн тоо гээд бүгдийг нь мэдэх вэ” гэсэн асуулт тавьж, “Би алба хаагчдаа бүх талаар мэднэ” гэсэн зарим бүрэлдэхүүнд баяр хүргэж, сайшаав.
Хүний нөөцийн офицер, хэрэг хөтлөгч нар нөхөн хангалтыг зохион байгуулах, нөхөн хангагдсан үед чадавхжуулах, түүнтэй зэрэгцүүлээд нийгмийн хамгааллыг нь шийдвэрлүүлэхэд чухал үүрэгтэйг нь мөн онцолж, хүний хувийн мэдээлэлтэй харьцдагийн хувьд нууц хадгалалт, хамгаалалтыг сахихад онцгой анхаарахыг дурдлаа.
Төгсгөлд нь нэгтгэл, ангийн энгийн ажилтан алба хаагчдын сул орон тоог нөхөн хангахдаа нийслэлийн дүүрэг, аймаг орон нутгийн Хөдөлмөрийн биржтэй хамтран ажиллаж, сонгон шалгаруулах замаар ажилд авч байхыг ч захиж байсан юм.