Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид “Мотобуудлага, тагнуул, төрөл мэргэжлийн шилдэг бүлэг, тоот” шалгаруулах тэмцээний үеэр бахдам амжилтуудыг үзүүлсээр байна. Зэвсэг хүчний Хуурай замын 10 нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид буудлага, маршийн гүйлт, норматив, саадын зурвас, инженер, хими гээд олон төрөлд онцгой амжилт үзүүлж, онжавуудын бахархал болон гялалзаж байна. Саяхан ахлах байлдагч болон түрүүч хоёр галын бэлтгэлийн магазин сумлах нормативыг 17, 22 болгож бууруулсан бол өөр нэг ахлах байлдагч автоматын задаргааны нормативыг 5-хан секунд болгож чадлаа. Угтаа галын бэлтгэлийн автоматын задаргааны нормативыг 12 секундэд амжиж гүйцэтгэвэл “Онц” дүнгээр тооцогддог байна. Тэрхүү амжилтын эзэн болох Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч ахлах байлдагч Г.Баянжаргал нь ангидаа бэлтгэл сургалтын үеэр 4-5 секундэд гүйцэтгэснээ онцолж, тэмцээний үеийн автомат хатуу байсныг ч дурдлаа.
Тэрээр цэргийн албанд ирэхээс өмнө “Амгалан өртөө” төмөр замын байгууллагад гагнуурчин хийдэг байсан, халагдаад ахлагчаар улирахаар төлөвлөжээ. Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн сургалтаар дамжуулан мөрдэстэй алба хаагч болоод “Талын чоно”-доо үүрэг гүйцэтгэх нь түүний ойрын зорилго байна. Ахлах байлдагч Г.Баянжаргал Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцсоноор хамгийн дотнын андууд болох Даваажаргал, Цэндбазартай ч таарсан гэнэ. Арван жилийнх нь найзууд Зэвсэгт хүчний 119, 326 дугаар ангиудад алба хааж байгаа, энэ сургууль намайг олон онжавуудтай болгож, мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээж, бас автоматын задаргаанд өөрийн амжилтаа дархлахад тусалж байна гэсэн юм.
Ахмад Д.БОЛОРМАА