Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас нэгтгэл, ангиудтайгаа Команд штабын нэгдсэн сургуулийг 03 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд онол практикийн бага хурал, штабын дадлагаар үргэлжлүүлж байна.
Онол практикийн бага хурал ХЗЦК, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 326 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Ингэхдээ тус командлалын Материал техникийн хэлтсээс “Хуурай замын цэргийн бэлэн байдал ба материал, техникийн хангалт” сэдвээр, төрөл мэргэжлийн цэргийнхэн буюу артиллери, зенит, тагнуул, холбоо, инженер, химичид гүйцэтгэх үүрэгтэйгээ уялдуулсан онол практикийн бага хурлыг тус тус зохион байгуулж байна.
“Хуурай замын цэргийн бэлэн байдал ба материал, техникийн хангалт” сэдэвт ар талынхны хуралд ЗХЖШ-ын Материал, техникийн газрын Пуужин артиллерийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, цэргийн ухааны доктор, хурандаа П.Чинзориг, Материал хангалтын хэлтсийн дарга хурандаа Ө.Тамир, Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Х.Санчирдорж нар үндсэн илтгэлийг, хавсралт илтгэлийг ХЗЦК-ын Материал, техникийн хэлтсийнхэн болон харьяа нэгтгэл, ангийн захирагчийн материал хэрэгсэл болон зэвсэглэл техник хариуцсан орлогч нар тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цэргийн холбоочдын бага хуралд бэлтгэл хурандаа М.Золзаяа урилгаар оролцож, “Хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх нь” сэдэвт сонирхолтой илтгэлийг тавьж, холбоочдын өмнө тулгарч буй бэрхшээл, түүнийг давах арга замын талаар өгүүллээ. Тэрээр цэргийн холбоочдын ажил мэргэжлийг ойлгож, техник хэрэгслээр бүрэн хангаж байж гэмээ нь тухайн нэгтгэл, ангийн ажил урагштай, холбоо мэдээлэл тасралтгүй явагдана. “Холбоочид үгүй бол ялалт үгүй” гэдгийг зүгээр ч нэг хэлээгүй нь тэдний гүйцэтгэж буй үүрэгтэй холбоотой болохыг тайлбарлалаа.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр нар ар талынхны болон төрөл мэргэжлийнхний онол практикийн бага хуралд оролцохдоо манай офицерууд ажил гүйцэтгэх үед тулгарч буй бэрхшээлээ нээлттэй ярилцаж, түүнийг өөрчилж шинэчлэх гарц шийдлийг эрэлхийлж, өмнөө тавьсан зорилго зорилтоо бүрэн дүүрэн хангахыг захиж байв. Хошууч генерал Ч.Цогтжаргал бага хуралд урилгаар оролцож буй ЗХЖШ-ын Материал, техникийн газрын хэлтсийн дарга нар болон бэлтгэл хурандаа нарт манай залууст үнэтэй зөвлөгөө, санал шүүмжлэлээ харамгүй өрнүүлж байгаад нь талархал илэрхийлье гэсэн юм.