Үндэсний батлан хамгаалах Их сургуулийн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр болж, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, ҮБХИС-ийн Эрдмийн сургуулийн докторант, хурандаа Г.Мөнхбат “Дайн цэргийн урлаг судлал” чиглэлээр “Цэргийн өнгөлөн далдлалт түүнд хийсэн шинжилгээ” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. Түүний эрдмийн ажлын удирдагчаар “Монгол цэргийн өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одон хүртсэн цэргийн ухааны доктор (Ph.D), профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү болон доктор (Ph.D), профессор, бэлтгэл хурандаа Б.Мөнхсайхан нар ажиллалаа.
Хурандаа Г.Мөнхбатын докторын зэрэг хамгаалсан “Цэргийн өнгөлөн далдлалт түүнд хийсэн шинжилгээ” сэдэвт судалгаа нь дэлхийн нийтийн чиг хандлага болоод Монгол Улсын Зэвсэгт хүчинд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай өнөө цагийн тулгамдсан асуудлыг хөндсөн чухал ажил болжээ.
Докторын зэргээ амжилттай хамгаалсан хурандаа Г.Мөнхбатыг 03 дугаар сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр хүлээн авч хүндэтгэл үзүүлж, судалгааныхаа бүтээлийг ажил хэрэг болгоход манлайлж ажиллахыг захилаа.