УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт АНУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хуурай замын цэрэг, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэрэг, Канад Улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулийн явц, зэвсэглэл, шинэ техник технологитой газар дээр нь танилцлаа.
Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэрэгтэй хамтарсан сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоог салаанаас рот болгон нэмэгдүүлэх талаар санал солилцож, энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай зэвсэг техникийг тусламжаар авч, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй газар оронд хүргэх асуудлыг шийдвэрлэлээ. Мөн АНУ-д сургах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, Аляскийн их сургуульд энгийн иргэдийг америкийн иргэдийн нэгэн адил хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах боломж байгаа талаар АНУ-ын талтай санал солилцов.
Гурван орны хамтарсан сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний талаас Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн салааны бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд сургуулийн ажиглагчаар ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Б.Гансүх, салааны захирагчаар ХЗЦК-ын Удирдлагын байрын салааны захирагч ахлах дэслэгч Ж.Төртүвшин нар үүрэг гүйцэтгэж байна.