Бэлтгэл хурандаа Л.Төмөр тэргүүтэй ахмад артиллерчид 10 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатарт зарим асуудлаар хүсэлт тавилаа. Тухайлбал, артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Хуурай замын цэргийн командлалаас ихээхэн ач холбогдол өгч ажиллахыг хүсэв. Энэ талаар бэлтгэл хурандаа Л.Төмөр “Өнөөдөр Хуурай замын цэргийн командлалдаа ахмадууд бид хүрэлцэн ирсэн нь учиртай. Бид дайчин замнал түүх ихтэй Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Ардын Армийн артиллер онц хороонд алба хаасан хүмүүс. Энэ түүхт хороо нь 1921 онд Ардын хувьсгалын анхны буун дууг тавилцсан анги. 1921 оны Ардын хувьсгалаас хойш 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны тэргүүн эгнээнд явж, ялалтыг авчирсан баатарлаг түүхтэй. Удахгүй артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохионо. Ахмадууд бид залуу халуун насаа зориулсан энэхүү хорооныхоо түүхт 100 жилийн ойг тэмдэглэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхийг бригадын генерал Б.Амгаланбаатараас хүслээ. Тэрээр ихэд уриалагхан хүлээн авч, замнал түүх арвин артиллерчдын түүх залуучуудад үлдэх ёстой гэж байна” гэлээ.
Ахмад артиллерчид санал хүсэлтээ уламжилсны дараа Хуурай замын цэргийн командлалтай танилцаж, дурсгалын зураг татуулсан юм.