Батлан хамгаалах салбар 2025 оныг “Эх оронч монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлага, хамт олон хугацаат цэргийн алба хаагчдынхаа сурч боловсрох, хөгжиж, дэвших орчин нөхцөлийг нь сайжруулах ажлын хүрээнд цэргийн алба хаах хугацаанд нь жолооны сургалт, англи хэл, монгол бичиг, компьютерийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна.
Үүний сацуу Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран нийгэмд эрэлттэй 6 мэргэжлээр түрүүч, байлдагч нараа 3 дахь жилдээ сургаж байна. Энэхүү сургалтын нээлтийн ажиллагаанд тус ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч, дэд хурандаа Е.Бейбит, Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн захирал Ч.Эрдэнэтуяа, суралцагч түрүүч, байлдагч нар оролцсон юм.
Дэд хурандаа Е.Бейбит сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Та бүхний эх орныхоо өмнө өргөсөн тангараг, цэргийн албанд өнгөрүүлж буй цаг хугацаа бол бахархал, тэвчээр, хариуцлага, сахилга бат, эх оронч сэтгэлийн илэрхийлэл гэдгийг энэ ташрамд хэлэхэд таатай байна. Политехникийн коллежид суралцах хугацаандаа тууштай байж, мэдлэгийн эрэл хайгуулд шамдан, шинэ зүйлээс суралцаж эх орондоо хэрэгтэй, чадварлаг, хариуцлагатай мэргэжилтэн болно гэдэгт ангийн удирдлага, хамт олон нь итгэлтэй байна. Цэргийн албанд суулгасан тэсвэр хатуужил, сахилга бат тань сурлагын өндөр амжилт гаргах гол үндэс байх болно” хэмээн амжилт хүслээ.
Үүний дараа тус коллежийн нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч Б.Бямбасайхан “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” сэдвээр сургалт зохион байгуулж, төгсгөлд нь түрүүч, байлдагч нарын хүсэл сонирхлын дагуу мэргэжлийн ангиудад хуваарилж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.
Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА