Зэвсэгт хүчний 120 дугаар анги, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил"-тэй тохиолдуулан иргэд олон нийтэд цэрэг-эх оронч үзлийг сурталчилсан сургалт, нөлөөллийн ажлыг өрнүүлж байна. Энэ удаа Ерөнхий боловсролын 96, 47 дугаар сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Монгол цэрэг энхийн үйлсэд”, “Цэргийн алба хаахын учир нь” сэдвээр яриа танилцуулга хийж, артиллерийн шилт багаж хэрэгсэл, зэвсэглэлтэй үзэсгэлэн дэлгэлээ. Энэ үеэр Монгол цэргийн сүр жавхааг илэрхийлсэн урлагийн тоглолтыг сурагчдад зориулсан нь тэдний сонирхлыг улам ихээр татсан юм.
Сурагчид “Өнөөдрийн арга хэмжээ эр хүн бүр эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэх ёстой гэдэг ухагдахууныг тархинд минь суулгаж өглөө. Өмнө нь эх орныхоо өмнө ийм л хөдөлшгүй чин үүрэгтэй гэдгээ төдийлөн анзаараагүй явж” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, зарим найзууд нь 18 нас хүрээд цэргийн ангид уулзахаар цаг хугацаа хүртэл товлож байсан юм.
Хошууч Т.МЯГМАРСҮРЭН