Батлан хамгаалах яамнаас 2025 оны “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, өсвөр насны хүүхэд багачуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлж, цэргийн албын талаарх ойлголт мэдлэгийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний эхлэл болгож Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүний 5-12 дугаар анги хүртэлх сурагчдыг хамруулсан “Өсвөр үе бидний ирээдүй” өдөрлөгийг 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав. Өдөрлөгөөр өсөлтийн сэтгэхүй, харилцаа хандлага, багийн ажиллагаа, эрүүл мэндийн боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл гэсэн сэдвийн хүрээнд сургагчдын нас насанд нь тохируулж, багийн ажиллагаа хэлбэрээр явууллаа.
Сургалтыг МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний багш, хувь хүний хөгжлийн сургагч багш Л.Тогооцэрэн удирдан явуулсан бөгөөд тэрээр сурагчдад хувийн зан байдлаа тодорхойлох арга, багаар ажиллах сурахын ач тус, бусдад хүндэтгэлтэй эелдэг харилцах зан чанарыг эзэмших нь, аав, ээжийгээ хайрлах, ах эгч дүүгээ халамжлах, өвөө эмээгээ асрах тухай яриа өрнүүлж, тэр бүрийнхээ төгсгөлд бататгасан хөгжөөнт тоглоомыг зохиож, оролцогчдын сонирхлыг нь ч улам төрүүлж байв.
Ирээдүйд зөв иргэн болох алхам өнөөдрөөс эхэлнэ, хамгийн наад зах нь аав ээжийгээ ажлаасаа ядраад ороод ирэхэд тэврээд үнсээрэй, тэд лав баярлах болно. Инээд хэзээд халдварладаг, эерэг харилцаа нөхөрлөлийг бататгадаг, хичээл зүтгэл шагналтайгаа ирдгийг ч сурагчдад онцолж, сургалтын үеийн хамгийн нөхөрсөг бөгөөд өхөөрдөм шавиар БНӨСУ-д энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй хошууч Л.Уянбаатарын хүү Учралыг нэрлэв. Үүний дараа командлалын эрүүл мэндийн хангалтын офицер ахмад М.Одонтуяа шүдээ зөв угаах дарааллын талаар зааварлаж, муу зуршлаас ангид байх нь өөрт болоод гэр бүлд нь ямар их ач тустайг ч өгүүллээ.
Өдөрлөгийн төгсгөлд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал алба хаагчдынхаа багачуудтай дурсгалын зураг татуулж, албан тасалгаанд нь хүүхдийн инээд цангинасан сайхан өдөр тохиож байгааг онцлоод, аав ээжийнхээ ажлыг ойлгосон онц хүүхдүүд хэмээн өргөмжлөв. Мөн Хуурай замын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр сургалтыг удирдан явуулсан Л.Тогооцэрэнд талархал илэрхийлж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх оюуны их хөдөлмөрт нь амжилт хүслээ.