• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АКАДЕМИЙН СОНСОГЧ НАР КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2025-01-17 09:39:45
Үзсэн: 227

АКАДЕМИЙН СОНСОГЧ НАР КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2025-01-17 09:39:45 Үзсэн: 227



    ҮБХИС-ийн Батлан хамгаалахын Удирдлагын академийн сонсогч нар төрлийн цэргийн командлалуудад зочилж, цэргийн захиргааны удирдлагыг хэрхэн бие даан хэрэгжүүлж буйтай танилцаж байна. Нэгдүгээр сарын 16-ны өдөр тус академийн Оператив тактикийн төвийн дарга хурандаа А.Болдбаатараар ахлуулсан хоёрдугаар дамжааны сонсогч нар Агаарын цэргийн командлал болон Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцсан юм.

   Сонсогч нарт ХЗЦК-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат Хуурай замын цэргийнхний сүүлийн жилүүдийн онцлох ажлуудыг тодотгож, цэргийн алба хаагчдынхаа ая тухтай орчныг хэрхэн бүрдүүлж буйг танилцуулсан бол Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр Зэвсэгт хүчний бодлогын шинэчлэлийн талаарх мэдээллийг хүргэж, санал хүсэлтүүдийг нь сонсов.

    Тэрээр сонсогч нарт Батлан хамгаалахын Удирдлагын академийн захирал бригадын генерал Л.Онцгойбаяр командлалыг өнөөдрийн өнгө төрхөө олоход өндөр үүрэг гүйцэтгэснийг онцлоод Хуурай замын цэрэгт тэр дундаа хугацаат цэргийн албанд орж буй өөрчлөлтүүдийг мэдээлэл болгон хүргэв. Хугацаат цэргийн албыг дэлхий нийтийн чиг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлага болон “Батлан хамгаалах сэргэлт” бодлогыг үндэслэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулахад анхаарч байна. Хуучин цагт нэг командаар сэрж, нэг командаар унтдаг байсан бол өнөөдөр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид амралтын өдрүүдийн өглөө өөрсдийнхөө сонголтоор босож, хоолондоо орж байна. Амралтын өдрийн өглөөний хоолыг 07-09 цаг гэж заасан учраас энэ хугацаандаа багтаж, босоод хоолоо идэх нь тэдний асуудал. Амралтын өдрийн зарим үеүдэд цэргийн дүрэмт хувцасгүй, биеийн тамирын хувцастай байх боломжоор ч хангаж байна. Хугацаат цэргийн алба хаагчидтай ажилладаг салаа салбарын офицер, ахлагчийнхаа ажлын онцлогт үүнийг дагасан өөрчлөлтүүдийг оруулж байна. Та бүхнийг төгсөөд очиход шинэ хандлага, байгууллагын соёл хэвшсэн орчин угтаж авна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

    Мөн тэрээр суралцангаа Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлийн талаарх мэдээллийг тогтмол авч, анги байгууллагатайгаа эргэх холбоотой байхыг захиад өөрийнхөө академийн сонсогч байх үеийн дурсамжаа хуваалцав. Цэргийн сайн дарга болох сууриа сайн өрөхийн тулд өөртэйгөө сайтар тулж ажиллаж, бусдаасаа суралцаж, багш нарынхаа заасан эрдмийг бүрэн эзэмшихийг захиад сонсогч нарт сурлага, сахилгын өндөр амжилт хүслээ.

    Энэхүү арга хэмжээний үеэр хурандаа А.Болдбаатар сонсогч нарыг халуун дотноор угтан авсанд талархал дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулан өгөв. Академийн хоёрдугаар дамжааны уг сонсогч нар 2025 оны 7 дугаар сард төгсөх бөгөөд академийн 16 дахь удаагийн төгсөгч нар болж буйгаараа онцлог байна.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109