• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2025-01-16 12:25:01
Үзсэн: 267

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2025-01-16 12:25:01 Үзсэн: 267



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас бие бүрэлдэхүүнийхээ мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг сургалтын арга хэлбэрт сургаж дадлагажуулах зорилгоор долоо хоног бүрт “Мэдээлэл, сургалтын өдөр”-ийг зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт ҮБХИС-ийн багш нар сургалтыг насны үечлэлтэй нийцүүлэн хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар ярьсан бол энэ удаа Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга ахмад Н.Мөнх-Эрдэнэ “Хиймэл оюун ухааныг батлан хамгаалах салбарт ашиглах нь” сэдвээр мэдээлэл хүргэлээ. Тэрээр 1950-аад оноос хиймэл оюун ухаан гэдэг ойлголт анх үүссэн, энэ хугацаанд төгөлдөржиж шинэчлэгдэж ирсэн бөгөөд дэлхийн орнууд сүүлийн жилүүдэд үүнийг өргөн ашиглах болсныг жишээтэй баримттайгаар өгүүлэв. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигтээ ч энэ талаар тодорхой дурдаж, зарим аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа ашиглаж эхэлснийг дурдлаа. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд оношилгоондоо ашиглаж эхэлсэн, энэ нь өвчтний шинжилгээний үр дүнг нэгтгэн дүгнэж, эмчдээ мэдээлэл өгөх жишээтэй.

   Мэдээж Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэх, дүн шинжилгээ хийх зэрэг олон хэлбэрээр ашиглах боломжтой гээд орчин үеийн дайн, зэвсэгт мөргөлдөөний хүний хариу үйлдэл удаан байгаа учраас хиймэл оюун ухааныг ашиглаж байгааг ч тэр нэмж дурдав. Хүн алдаа гаргадаг, ядардаг, унтаж амардаг бол хиймэл оюун ухаан 24 цагаар ажилласаар л байдаг, дэлхийн зарим өндөр хөгжилтэй орнууд ахуй амьдрал, аж үйлдвэртээ ч ашиглаж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байна. Монгол Улс хиймэл оюун ухаанаар мэргэшсэн боловсон хүчнийг ШУТИС-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэж эхэлсэн, жил ирэх тусам энэ тоо нэмэгдэнэ гэв.

   Мөн тэрээр хиймэл оюун ухааны AI аппуудыг хүссэн номынхоо утга санааг нь олж мэдэх, өөрийн хүссэн зургаа зуруулах, дэлхий нийтэд болж байгаа үйл явдлыг олж мэдэх зэрэг давуу талтайг онцолж, цэргийн алба хаагчид дэлхий нийтийн чиг хандлагад хөл нийлүүлэх шаардлагатай байгааг ч илэрхийлэв. Сайны хажуугаар саар гэдэгчлэн хиймэл оюун ухаан нь хүмүүний ажлын бүтээмж, шинэ санаачилга, хөдөлмөр зүтгэлийг бууруулах эрсдэлтэй байдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгааг ч мөн тодотгосон юм.

   Сургалтын төгсгөлд тус командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат хичээлийг удирдан явуулсан ахмад Н.Мөнх-Эрдэнэд үнэтэй цаг заваа зориулж, сонирхолтой сэдвээр мэдээлэл хүргэсэнд талархал дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109