АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ ЦЭРЭГТ ИРЭЭД МЭДЭРСЭН
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байлдагч А.ОДХҮҮ:
-Аав ээжийнхээ чихнээс хонх уяж зүггүйтэж явсан наснаасаа нөхөрлөж, өдийг хүрсэн хэдэн найзууд минь байдаг юм. Байнга л хүүхэд чигээрээ явах юм шиг санадаг байсан тэр үе чинь ард хоцорлоо гэсэн шиг бид бүгдэд ээлж дараалан цэргийн зарлан ирсэн. Би ч дотроо, зарим хүмүүсийн хэлдгээр нэг жилийг гавьсан зүйлгүй “хийдүүлж” өнгөрөөх биз, цэрэгт яваад яах вэ, энэ хэд маань ч явахгүй байлгүй гэж бодсон ч миний буруу байсан. Бүгд биш ч санаснаас олон залуус тэр жил цэрэгт мордсон доо. Нэг жил юухан байх вэ. Саяхан явлаа гээд үсээ хусуулчихсан нэгэндээ халзан толгойгоо гайхуулж явсан нөхөд маань халагдаад ирлээ. Аав ээж, ах дүү, хамаатан садан нь цуглачихсан уйлах нь уйлж, дуулах нь дуулж угтацгаасан. Дуу муутай, туранхай найз минь сав л хийвэл инээд алдаж, сонин хачнаа яриад дуусдаггүй, бие хаа нь ч чангарч, мөр цээж нь тэлсэн нь илт ажиглагдаж байв. Арван хэдхэн насандаа аав, ээжийгээ ингэж баярлуулж, мөн дээрээс нь хүн ийнхүү хувирч өөрчлөгддөгийг би тэгэхэд л үзсэн юм. Дөхүүлээд өгье гэсэн ч өөрөөсөө бишүүрхсэн би та нар яв даа, энд ойрхон амжуулах ажилтай, дараа уулзъя гэж найздаа хэлээд гэр рүүгээ алхаж билээ. Тэр үед л цэрэгт явах шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргасан. Цэрэгт ирсэн эхний хэд хоног зүс үзээгүй залуустай, яах ийхээ мэдэхгүй мунгинаж хэд хоносон, ядахдаа бүгд ижилхэн хувцастай. /инээв/ Алба хаахаар ирээд л ээжийн гарын хоол хэчнээн амттайг, төрж өссөн гэр минь хэчнээн тухтайг, ижий аав хоёрын минь зэмлэл хэчнээн зөөлөн байсныг мэдэрсэн дээ. Бүх зүйлс дохио, командаар дүрэм, журамд хөтлөгдөөд ирэхээр энгийн амьдралын тэр жижиг зүйлсийн үнэ цэнийг мэдэрдэг юм билээ. Мөн дээрээс нь элдэв буруу зуршлаас ангид бүтэн жилийн хугацааг өнгөрүүлэх нь залуусын хувьд буруу тийш хөл алдахаас сэргийлдэг, буруудаж явсан нэг нь засардаг үнэ цэнтэй цаг хугацаа болохыг ухаарсан. Тийм учраас үеийн нөхдөдөө, дүү нартаа болж өгвөл цэргийн албаа хаачхаарай гэж хэлмээр байна.
ЦЭРГИЙН АЛБА ХААХ НЬ МИНИЙ АМЬДРАЛДАА ХИЙСЭН ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэд түрүүч Т.САНСАРХҮҮ:
-Тавдугаар ангиийн сурагч байхдаа найзтайгаа нийлж машин хулгайгаар унаж гараад айлын хашаа мөргөсөн. Хоёр биеэ хөөргөж, хуруудаж байгаад хөмсгөө шатааж хүртэл байлаа. Одоо гэхдээ гоё ургачихсан. /Инээв/ Хэн, хаана хэрэг төвөг тарьж явна нөхөр Сансархүү тэнд байж байна. Сахилгагүй, хэнэггүй хоёр нь дэндсэн ийм л хүүхэд байсан даа. Бага байхад аав, өвөө хоёр цэрэгт байсан үеийнхээ сонин хачин түүхүүдийг их ярьдаг, тэр маань, энэ маань ингэдэг байсан сан гээд онжавуудаа ч их дурсана. Ер нь миний эргэн тойрны бүх л эрчүүд цэргийн алба хаасан. Хэрэг төвөгт багагүй орооцолддог чихгүй толгой явсан болохоор ах нар цэрэгт яв, чамд чадахгүй гэхийн зовлон байхгүй, харин чи хожно, цэрэг чинь хүнийг хүмүүжүүлдэг юм, адаглаад чиний наад ааш, үг сонсдоггүй хэг ёг гэсэн зан байдал чинь засарна, хувцас хунар, ор дэрээ хураах, хоол ундаа яаж идэхээс чинь авхуулаад бүгдийг нь зүй ёсоор нь заагаад өгнө гэдэг байсан. Аав ээж ч их дэмжсэн. Ингээд л Зэвсэгт хүчний 120 дугаар ангид татагдаж ирсэн. Миний аав, өвөө хоёр бас энэ ангид алба хаасан гэдэг. Гурван үеэрээ нэг ангид эр цэргийн албаа хаана гэдэг гоё хувь тохиол. Хожим хойно үр хүүхэд, хайртай дотнын хүмүүстээ ярих зүйлтэй болж байна даа. Сургууль төгсөөд цагдаад ордог юм уу гэж хэсэг эргэлзсэн ч юутай ч эр цэргийн алба хаах сонголтыг хийсэн маань оносон. Цэргийн нөхөрлөл хамгийн сайхан төдийгүй нэг насных байдаг гэж буурлуудын хэлдэг үг үнэн байх. Ядарч, цуцсан ч балга ус, үмх талхаа хувааж идээд цааш гүйдэг, ар гэр, хайртай хүмүүсээ санахаараа нэгэндээ аавынх нь оронд аав, ахынх оронд ах болж зовлон жаргалыг нь хуваалцдаг, халагдаж очоод юу хийх, ирээдүйд ямар хүн болох гэх мэт ямар ч нууцгүй “давсгүй” чин сэтгэлийн яриаг цэргийн ангиас л сонсдог юм байна лээ. Халагдаад ангидаа цэргийн гэрээт алба хаагчаар үлдэж цэргийн хүн болно гэсэн бодолтой байгаа. Өнөөг хүртэл амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт гэвэл цэргийн алба хаах шийдвэрийг гаргасан явдал гэж хэлнэ. Гялайж, гялтайх зүйл үгүй байсан бол ингэж хэлэхгүй шүү дээ. Миний хувьд өөрийгөө таньж мэдсэн, олонтой явж сурсан, бие бялдраа хөгжүүлсэн, тэмцээн уралдаанд хүч сорьсон, англи хэлний мэдлэгтэй болж, жолооны курст үнэ төлбөргүй хамрагдсан зэрэг өгөөжтэй жил болж байна.
Эх сурвалж: "Соёмбо" сонин