
Монгол Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллалаа. Батлан хамгаалахын сайдад Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар Хуурай замын цэргийнхний үүрэг гүйцэтгэл, зэвсэглэл техникийн байдал, сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч байгаа арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөсөн ажил зэрэг олон чиглэлээр танилцуулж, харилцан ярилцсан юм. Үүний дараа Батлан хамгаалахын сайд албан тушаалтнуудын ажиллаж буй орчин нөхцөлтэй танилцаж, архив, хүний нөөц болон нууц баримт бичгүүдийн хадгалалт, хамгаалалт, сургалт, хурал, интернет, бялдаржуулахын танхим, алдарын тасалгаа, номын сан, зочдыг хүлээн хүндэтгэлийн өргөөг үзэж сонирхлоо.

Мөн энэ үеэр орон нутаг дахь Хуурай замын цэргийн ангиудтай цахимаар шууд холбогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан эсэх талаар тодруулаад хүн бүр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, санаачилга, идэвх дүүрэн ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарч байхыг захисан юм.

Уулзалтын төгсгөлд тэрээр Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, ирэх дөрвөн жилд баримталж ажиллах бодлого чиглэлээ танилцуулж, албан тушаалтан бүрийн анхаарах зарим асуудлын талаар үүрэг өгсөн юм. Тухайлбал “Хуурай замын цэргийн командлал нь орон нутагт шилжин байрласнаас өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдан, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, албан тушаалтны ажиллах нөхцөл, бололцоог бүрэн утгаар нь хангасан байна. Албан тушаалтнуудын өрөөгөөр орж үзлээ. Үнэхээр өөрсдийн хүч нөөц бололцоогоо дайчлан сайхан тохижуулж чадсан байна. Та бүхэн идэвх санаачилга дүүрэн байгаа нь анзаарагдаж байна. Байрны нээлтэд ирж байсан хүний хувьд их сайхан тохижуулж гэж хэлмээр байна. Цаашдаа Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын алба хаагчид ийм тохитой орчинд ажиллах ёстой. Миний хувьд салбарын хууль, эрх зүйн орчныг улам сайжруулж, түүнийг хөрсөн дээр нь хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний ажиллах, орчин нөхцөлийг нь дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг нь дэмжих, зэвсэглэл техникээ шинэчлэх гэсэн дөрвөн том бодлогын хүрээнд ажлаа чиглүүлж байна. Та бүхний дунд мөр зэрэгцээд үүрэг гүйцэтгэж байсны хувьд хийх ажил минь тодорхой. Хуурай замын цэргийнхний үйл ажиллагаа өнөөдөр өндөр байна. Бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлд, аймаг орон нутгийн дэмжлэгээр зарим объектоо засварлаж шинэчлэх чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгаа Зэвсэгт хүчний анги цөөнгүй байгааг бригадын генерал Б.Амгаланбаатар танилцууллаа. Миний хувьд өөрөө ч очиж үзэж танилцсан.

Цаашдаа бидний анхаарах гол асуудал бол үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлаа улам дээшлүүлж, бүх түвшиндээ санаачилгатай ажиллах юм. Үүнд удирдлагын арга барил, алба хаагчдын итгэл, зүтгэл маш чухал. Хуурай замын цэрэг өөрөө маш том салбар. Зэвсэгт хүчний дийлэнх олонхийг бүрдүүлдэг салбар. Том салбар учраас хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал мэр сэр гарч байна. Гэхдээ цаашдаа бид үүнийг таслан зогсоох ёстой. Үүнд Хуурай замын цэргийн командлал болон нэгтгэл, ангиудын удирдлагууд онцгой анхаар. Нөгөө талаар ирэх жил орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохионо. Түүхт ойгоо бид 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Энэ түүхт ойгоо бид амжилт дүүрэн угтахын тулд өнөөдрөөс дор бүрнээ маш их хичээж ажилла, бүтээлч ажил, арга хэмжээг хэрэгжүүл” гээд бие бүрэлдэхүүний цаашдын албанд өндөр амжилт хүслээ.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ын СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай нарын албаны хүмүүс ажиллав. Мөн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 326 дугаар ангиудын захирагч нар болон Төв аймгийн удирдлагууд, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан уулзалтын үеэр байлцсан юм.
