• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САЛАА САЛБАРЫН ЗАЛУУ ОФИЦЕР, АХЛАГЧ НАРАА ХӨГЖҮҮЛЖ, ДЭМЖИХЭД АНХААРАХЫГ ЗАХИЛАА
Нийтэлсэн: 2025-01-06 09:13:26
Үзсэн: 140

САЛАА САЛБАРЫН ЗАЛУУ ОФИЦЕР, АХЛАГЧ НАРАА ХӨГЖҮҮЛЖ, ДЭМЖИХЭД АНХААРАХЫГ ЗАХИЛАА
Нийтэлсэн: 2025-01-06 09:13:26 Үзсэн: 140



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал 01 дугаар сарын 03-ны өдөр Хуурай замын цэргийн командлал, харьяа нэгтгэл, ангийн офицер, даргалах албан тушаалын ахлагч нарт 2025 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө.

   Тэрээр Монгол Улсын Засгийн газар, БХЯ, ЗХЖШ-аас хэрэгжүүлэх бодлогын шинэчлэлүүд, тэр дундаа “Батлан хамгаалахын сэргэлт”, нийгмийн хамгаалал, сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл, цэрэг-эх оронч үзэл хүмүүжил, инновац шингэсэн төсөл хөтөлбөрүүд, техник технологийн шинэ өөрчлөлтүүдийг хэрхэн нэвтрүүлэх талаар мэдээлэл хүргэж, үүнд Хуурай замын цэргийнхний үүрэг оролцоо, манлайлал өндөр байх ёстойг онцлон дурдлаа.

   Тухайлбал, хамгийн эхний ээлжид “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд суралцуулж, англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэгтэй болгож, нийгэмд хэрэгцээтэй энгийн мэргэжил эзэмшүүлэхэд боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг захилаа.

   ЗХЖШ-аас 2024 онд хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн байрыг засварлаж, ахуй хангалтыг бүрэн шинэчилсэнтэй холбогдуулан өөрчлөлтийг түүчээлж тэдний долоо хоногийн товчид өөрчлөлт оруулсан, энэ нь үр дүнтэй байгааг ч цохон тэмдэглэв. Хугацаат цэргийн алба хаагчдын ажил, амралтын цагийн хуваарийг цаашдаа хэвшмэл болгож, түүнд зохицсон соёл хүмүүжлийн ажлыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулахыг нэгтгэл, ангийн удирдлагуудад үүрэг болголоо. Ялангуяа амралтын өдрүүдэд түрүүч, байлдагч нарыг цөмийг нь хамруулсан уралдаан тэмцээн явуулахаас илүүтэй өөрсдийнх нь сонголтоор номын сан, спорт танхим, өөрийгөө хөгжүүлэх цаг зэрэг хувилбаруудтай санал болгох хэрэгтэй. Үүнийг дагаад хугацаат цэргийн алба хаагчидтай ажилладаг салаа, салбарын офицер, ахлагч нарыг хөгжүүлж, дэмжихэд ч анхаарахыг онцлов.

   Мөн тэрээр Хуурай замын цэргийн командлалаас алба хаагчдынхаа ая тухтай орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд “Эко орчин-Ногоон хөгжил” төслийг урьдын адилаар дахин өрнүүлж, авто зам, явган замуудыг шинэчлэн засварлаж, эргэн тойрныг нь зүлэгжүүлж, байгаль орчны эко тэнцвэрийг хадгалахын төлөөх ажил үргэлжилнэ хэмээгээд “Полигон” төслийг зарим ангид мөн хэрэгжүүлэхээр төлөвлөснөө ч дуулгав.

   Цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч байгаа дрон болоод хиймэл оюун ухааныг сургалт бэлтгэлдээ нэвтрүүлж, туслах аж ахуйг үр дүнтэй явуулах, мэргэжлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулах, дотоод хяналт шалгалтаа сайжруулах зэрэг БХЯ, ЗХЖШ-аас өгөгдсөн үүрэг даалгавруудыг дурдсан юм. Төгсгөлд нь Хуурай замын цэргийнхэн 2025 онд урьдын адилаар өндөр ачаалалтай, сургалт бэлтгэлийн тогтолцоондоо өөрчлөлт оруулах оргил цаг үе хэмээгээд бүрэлдэхүүнд харилцаа хандлагаараа манлайлж, бүтээлч, санаачилгатай байхыг захилаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109