• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ДАЙЧДЫНХАА ХАНДЛАГА, СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГТ НЬ НИЙЦҮҮЛЖ СУРГАДАГ"
Нийтэлсэн: 2025-01-02 13:01:20
Үзсэн: 250

"ДАЙЧДЫНХАА ХАНДЛАГА, СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГТ НЬ НИЙЦҮҮЛЖ СУРГАДАГ"
Нийтэлсэн: 2025-01-02 13:01:20 Үзсэн: 250



    Шинэ жилийн баярын өдрүүдэд салааны захирагч нь дайчдаа харалгүйгээр “Эрхэм дэслэгчид илтгэе” гэсэн үгээр таньж, овог нэртэй нь хэлж байсан бичлэг сошиал хуудаснаа олны талархлыг хүлээв. “Цэргээ бүх талаар нь мэддэг салааны захирагч байна”, “Салааны захирагч гэж ийм л байдаг даа”, “Салааны захирагч бол цэргийн албаны хамгийн сайхан ажил нь” зэрэг эерэг дулаан сэтгэгдлүүд дүүрэн. “Дуугаар нь таньж байгаа нь ээжээс нь ч өөрцгүй санагдлаа. Бидний хүү ийм л салааны захирагч нарын гар дээр сургаж бэлтгэгдэж байгаа гэж бодохоор сайхан байна” хэмээн түрүүч, байлдагч нарын эцэг эхчүүд талархал, бахархлын үгсийг ч харамгүй зориулжээ.

    Сошиал хуудаснаа эерэг хандлагыг түгээж чадсан тэрхүү офицерыг дэслэгч Лхагвасүрэнгийн Батболд гэдэг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн мотобуудлагын батальоны хоёрдугаар ротын хоёрдугаар салааны захирагч. Дорнод аймгийн Хэрлэн сумын энэ залуу 2014-2015 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргэж, тус ангидаа наводчикоор томилогдсон байна. 2018-2023 онд ҮБХИС-д Ерөнхий цэргийн команд мэргэжлээр эчнээгээр суралцан төгсөж, 2024 оны гуравдугаар сард офицерын эгнээнд нэгджээ.

    Салааны захирагчаас өмнө сургалтын албандаа гардан тулаан, амьд гарах ухааны туслах багш, багшаар ажиллаж байсан спортлог алба хаагч байна. Туухай өргөлтийн нэгдүгээр зэрэгтэй, 2022 онд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд огцом өргөлтөөр 65 кг жинд мөнгөн медаль хүртсэн нь энэ спортоор дагнан хичээллэх хүсэл сонирхлыг нь улам бататгаж өгсөн гэнэ. Энэ цаг үед ч гэсэн удахгүй зохион байгуулагдах Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж эхлээд байгаа гэнэ.

     Түүнтэй салааны захирагчийнх нь онцлог, ажлын арга барилаас хуваалцахад “Гурав дахь үеийнхээ хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж байна. Миний хувьд шинэ цэрэг байхаас нь эхлээд харилцаа хандлага, сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн хүмүүжил, төлөвшлийг нь хамгийн түрүүнд судалж мэдэхийг эрмэлздэг. Гэр бүл, ар гэрийнхэнтэй нь ч холбогдож “Сайн байна уу, салааны захирагч нь байна. Таны хүүгийнхээ давуу талыг хэлж болох уу” гээд судалгаагаа эхлүүлдэг. Хэнд ч давуу тал гэж байдаг шүү дээ. Түүнийг нь л илүү тодоор гаргаж, цэргийн албаны онцлог, ач холбогдлыг ойлгуулж, цэргийн орчинд амархан дасгахад нь анхаардаг даа. Үүнийг манай цэргийн дарга нар ч захидаг. Харин овог нэрийг бүтнээр хэлэх дадлыг Ахлагчийн сургуульд суралцаж байхдаа эзэмшсэн. Манай дамжааны салааны захирагч тэгж заасан. Хүнийг овог нэртэй хэлэх нь бахархалтай байдаг шүү. Заримдаа дотночлон богино нэрээр нь ч гэсэн дуудаж бай. Сайн цэргийн дарга гэдэг цэрэгтээ хэрхэн итгэж, зөв хандлагыг өөрөөсөө хэрхэн мэдрүүлж байгаагаар хэмжигдэнэ шүү гэж хэлдэг байсныг санаж, ажил албандаа мөрдлөг болгохыг хичээдэг нь тэр” гэсэн юм.

     Мөн тэрээр сүүлийн үеийн залуус тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн онцлог өмнөх үетэй харьцуулшгүй өөр болсон. Урамшуулах, урам хайрлах, зоригжуулах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, нүүр хагарахад нь туслах, ганцаардлыг мэдрүүлэхгүй байх гээд өөрийн ажлын арга барилаас шалтгаалах бүхнээ дайчдадаа зориулдаг гэж байна. Ялангуяа цалин буух бүртээ байлдагч бүрийг давхардуулахгүйгээр урамшуулах, урам зориг хайрлахад нь анхаардаг гэнэ. Тиймдээ ч байлдагч нарынх нь идэвх оролцоо, хүсэл тэмүүлэл өндөр, инээд цалгиантай байдаг байх гэж тэр ам бардам өгүүлнэ лээ.

      Сая дайчидтайгаа шинэ оноо хамт угтсан, энхийг дэмжих ажиллагаанд хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн, эмээ Д.Рэнцэнханд, ээж Д.Болормаа, дүү А.Билгүүтэй нартаа хамгаас их хайртай, үе үеийн бүх цэргүүдтэйгээ эргэх холбоотой байж, ахын хувиар зөвлөж, хүндэтгэж явдаг гэнэ. Зөв харилцаа хандлага гэдэг түүний баримталдаг гол чанар, хэн нэгний зүрхэнд шарх болон үлдэх үг хэлэхгүй байхыг эрмэлздэг нь ч түүний имидж ажээ.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109