• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 11:00:44
Үзсэн: 94

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 11:00:44 Үзсэн: 94



      Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, үе үеийн халуун эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон ажилтан албан хаагчид Та бүхэндээ угтан золгож буй 2025 оны баярын мэндчилгээг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!

     Улиран одож буй 2024 он Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийнхний хувьд бэлэн байдал, бэлтгэлжилтээ нэмэгдүүлэх, дэлхийн орнуудын Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургуулиудаар дамжуулан цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх, алба хаах орчин нөхцөл, ногоон байгууламжаа дээшлүүлэхэд амжилт дагуулсан он жил байлаа.

    Ялангуяа, мөнхийн хоёр хөрш, гуравдагч хөрш орнуудтай хамтарсан сургуулиудыг амжилттай зохион байгуулсан нь Хуурай замын цэргийнхний бахархалт үйлсийн нэг болж чадав. БНХАУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж, хоёр орны найрамдалт харилцаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлж, Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж чадсан түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн явдал байлаа.

    ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулийг агуулга, ач холбогдлоор нь өргөсгөж, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Дорнодын их талд амжилттай зохион байгууллаа. Энэ удаа Хуурай замын цохилтын гол хүч болсон зэвсэглэл техник, бүрэлдэхүүнээс гадна Агаарын цэргийн зоригт шонхрууд, тусгай хүчний цэргийн алба хаагчдыг оролцуулснаараа онцлог билээ.

    Үүний зэрэгцээ алба хаагчдын мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай “Зэв-2024” хамтарсан сургалт дадлага, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй“Зам-2024” хамтарсан сургуулиудыг амжилттай зохион байгуулж, ач холбогдлыг нь улам өргөжүүлж чадлаа. “Ахлагчийн хөгжлийн төв”-өө түшиглэн Зэвсэгт хүчний үндсэн хүч болох ахлагчийн бүрэлдэхүүний хөгжлийг дэмжих, нөхөн хангалтыг нэмэгдүүлэх хүрээнд мэргэшүүлэх болон шаталсан сургалтуудыг зохион байгууллаа. Нэгтгэл, ангийн алба хаах орчин нөхцөлийг дээшлүүлэх “Ногоон хөгжил-Эко орчин” болзолт уралдаан, “Зам” төсөл, зэвсэглэл, цэргийн техникийг сайжруулах “Дизель хөдөлгүүр” төслийг амжилттай хэрэгжүүлж, Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулсан зэрэг амжилт бүтээл арвин жил байлаа.

     Энэ бүх амжилтад эх орондоо тангараг өргөж, эр цэргийн албаа хааж байгаа эгэл жирийн байлдагчаас эхлээд Зэвсэгт хүчний ариун жагсаалд багтсан мөрдэс нэгт бүхий л алба хаагчдын маань хөлс хүч, хөдөлмөр зүтгэл шингэснийг хоёр оны зааг тохион буй энэ торгон мөчид дурдахдаа таатай байна.

    Ирэх 2025 онд үндсэн үүргийнхээ зэрэгцээ цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, бэлэн байдлаа дээшлүүлэх, хүн нэг бүрийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллаж амьдрах ая тухтай орчныг сайжруулах, харилцаа хандлагаа өөрчлөх гээд олон чиглэлд анхаарч ажиллах бөгөөд энэхүү зорилго, зорилтуудыг ажил хэрэг болгоход Хуурай замын цэргийн алба хаагч бүрийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, бүтээлч сэтгэлгээ, ажил хэрэгч чанар, ёс зүйтэй үйл ажиллагаа юу юунаас илүү эрхэм чухал гэдгийг цохон тэмдэглэе. Ялангуяа шат шатандаа хариуцлагын тогтолцоог чанаржуулж, албадлагаас санаачилга руу шилжиж, ажил албандаа эзний ёсоор, хамтын хүчээр хичээн зүтгэхийг онцгойлон дурдъя.

     Монгол цэргийн түүхэн алдар, гавьяат үйлсийг эрхэмлэн нандигнаж, бахархам үйлсээрээ баяжуулан, нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн алба хааж буй хамтран зүтгэгч Зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүн болон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд дахин шинэ оны баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ч.ЦОГТЖАРГАЛ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109