• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САЙД Г.САЙХАНБАЯР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 016 ДУГААР НЭГТГЭЛ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 334 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-10-30 14:58:37
Үзсэн: 409

САЙД Г.САЙХАНБАЯР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 016 ДУГААР НЭГТГЭЛ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 334 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-10-30 14:58:37 Үзсэн: 409



Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 10 дугаар сарын 29-ний энэ өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид ажиллалаа. Батлан хамгаалахын сайдыг дагалдаж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ын СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр нарын албаны хүмүүс ажилласан юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр эхлээд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажилласан бөгөөд тус нэгтгэлийн хүндэт харуулууд ёслол төгөлдөр угтан авав. Үүний дараа нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамба нэгтгэлийн үүх түүх, ололт амжилт, бүтэц орон тоо, энхийг сахиулах болон төмөр замын бүтээн байгуулалт дахь оролцоо, сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинэ бүтээл, оновчтой санал зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцсан юм. Танилцуулгын дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын байр, Соёлын төв, зэвсэглэл, цэргийн техникийг үзсэн юм.

Тэрээр 2020 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчидтай уулзахдаа цэргийн албаны талаарх анхны сэтгэгдлийг сонсож, ямар сургууль төгссөн, ирээдүйн зорилго, төлөвлөгөөг нь сонирхоод цэргийн жинхэнэ албаа хаахаар хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж байсан юм. Мөн рот болон салааны захирагч нарт нь хандан "Цэргийн анхны дарга гэдэг маш их чухал үүрэгтэй. Та гарааг нь хэрхэн тавьж өгнө, тэр жимээр таны дайчид явна. Тэгэхээр цэргийн албаны зөв хандлагыг төлөвшүүлэхээс гадна эр хүн байх, зорилго дүүрэн залуу болох алхмыг нь тэгш дүүрэн тавьж өгөөрэй. Миний хувьд анхны салааны захирагч хийж байсан тэр сайхан үеэ одоо ч гэсэн үргэлж санаж явдаг юм" гэв. Үүний дараа тус нэгтгэлийн бие бүрэлдэхүүнтэй уулзсан юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын тус нэгтгэлийнхэнд хэлсэн үгийг сийрүүлэн хүргэе.

“Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн эрхэм офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдынхаа амрыг эрье. Миний хувьд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд 35 дахь жилдээ алба хааж байна. 1911 оноос гэж тооцвол 36 дахь Батлан хамгаалахын сайд, 1990 оноос гэж үзвэл 17 дахь Батлан хамгаалахын сайд. Түүний дотор цэргийн цолтой сайд гэж үзвэл 12 дахь нь юм. Салбар дотроо байсан мэргэжлийн хүний хувьд хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ минь тодорхой. Өнөөдөр нэгтгэлд ирсэн нь танилцахаас илүүтэй хийж хэрэгжүүлэх ажлаа харж, бүтэц зохион байгуулалт нь зөв байна уу, аль чиглэлд нь дэмжлэг үзүүлэх вэ, засаж залруулах юу байна вэ гэдгээ харж байна. Миний хамгийн сайн мэдэх орчин бол Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин учир хийж хэрэгжүүлэх ажлууд маань тодорхой байгаа. Та бүхэн мэднэ. Саяхан УИХ-аар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт Батлан хамгаалах салбарын чиглэлээр ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх 9 том зорилт тавьсан бөгөөд бид эдгээр зорилтоо хэрэгжүүлэхээр 50 дэд зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Ер нь Батлан хамгаалах салбар нь Засгийн газрын бусад яамдыг бодвол уламжлал болон хүний нөөцийн залгамж халаагаа хадгалж үлдсэн, нэгдсэн удирдлага зохион байгуулалттай, хуультай, дүрэмтэй, журамтай, цэгцтэй салбар. 1990 оноос хойших хугацаанд Зэвсэгт хүчин өнгө төрх, хөгжил дэвшлээрээ маш их өөрчлөгдөж, шинэчлэгдсэнийг та бид мэднэ. Та бүхний алба хааж эхэлсэн үетэй өнөөгийн үеийг харьцуулахад маш олон давуу талууд нэмэгдсэн байна. Ялангуяа, Зэвсэгт хүчиндээ 20-оос дээш жил алба хааж байгаа мөрдэстэй, мөрдэсгүй бүхэн үүнийг мэдэрсэн байх. Батлан хамгаалах салбар нь төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллагуудаас өөрчлөлт, шинэчлэлийг түрүүлж эхлүүлсэн, түрүүлж хийсэн. Өнөөдөр ч гэсэн хууль эрх зүйн шинэчлэл болоод дотоод хөгжлөөрөө тэдгээр байгууллагуудын тэргүүн эгнээнд явна.

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЗАЛУУ НИЙГЭМД ДАВУУ ЭРХТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Цэргийн мэргэжлийн хүний хувьд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ Та юу хийх вэ гэж та нар магадгүй асуух байх. Нэгдүгээрт, салбарын эрх зүйн орчныг улам төгөлдөржүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд УИХ-аар Батлан хамгаалах бодлогын баримт бичиг үндэс болоод салбарын бусад багц хууль шинэчлэн батлагдсан. Тэгвэл ирэх дөрвөн жилд тэрхүү хуулиудаа хэрэгжүүлэхийн сацуу салбарын зарим эрх зүйн актуудыг илүү боловсронгуй болгох ажлыг гүйцэтгэнэ. Амьдрал болсон хойно өмнөх хуулиа шинэчилж сайжруулах асуудал байнга гардаг юм байна. Тэр дундаа хугацаат цэрийн алба хаагчдынхаа цэргийн жинхэнэ алба хаах орчин нөхцөлийг нь сайжруулах талаар томоохон шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаа хаасан залуусыг нийгэм даяараа дэмждэг, ажлын байр нь хадгалагддаг, төрийн алба нээлттэй хүлээн авдаг, сурч боловсрох, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахад давуу байдал олгодог зэрэг тухайн бэлтгэл үүрэгтнийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийг хийх болно.

Хамгийн сайхан мэдээ нь өнөөдөр цэргийн насны залуусын дунд цэргийн албаа хаая гэдэг давлагаа үүссэн байна. Саяхан 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үед нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргүүдийн цэргийн татлагын товчоодод ажиллахад үүрэг хариуцлагаа ухамсарласан, санаачилга, зорилго дүүрэн залуус олон байгааг харахад үнэхээр сайхан санагдлаа. Эцэг эхчүүд нь ч хэлж байна. “Өглөө хүү маань цэрэгт явлаа, ээж ээ гээд гараад явчихсан. Үгүй ядаж хүүгийнхээ царай барааг нэг харъя гээд араас нь гүйгээд ирлээ. Ангийнх нь нэлээд олон залуус цугтаа хаахаар болсон юм шиг байна” гэсэн ээжүүд ч таарна лээ. Нөгөө талаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, кибер аюулгүй байдал, барилга-инженер, тусгай хүчин хариуцсан командлал, удирдах газартай болохоор шинэчлэгдсэнийг манай алба хаагчид сонссон байх. Тэгвэл мөн л тэдгээр командлал, удирдах газрыг ЗХЖШ-ын бүтэц, зохион байгуулалтад оруулан байгуулж, үйл ажиллагааг нь амилуулах чухал ажил бидний өмнө хүлээж байна. Ер нь өндөр хөгжилтэй орнуудын Зэвсэгт хүчний бүтэц, тогтолцоо манай Зэвсэгт хүчинд бүрдэж, ажиллах бүрэлдэхүүн бааз суурь хангалттай гэж хардаг юм. Өнөөдөр манайх шиг офицер, ахлагчаа системтэйгээр боловсрол эзэмшүүлдэг, хоёроос гурван шатны дээд сургууль төгсгөдөг, академик боловсрол олгодог ийм салбар Монгол Улсын хэмжээнд байхгүй. Мэргэжлийн ахлагч нар хүртэл дээд боловсролтой. Бие бүрэлдэхүүнд өөрийгөө хөгжүүлж, боловсруулах боломж нь дүүрэн. Бид энэ бааз суурь дээрээ эрх зүйн орчноо улам төгөлдөржүүлэх нь маш чухал юм. Нөгөө талаар батлан хамгаалах салбарын алба хаагчид та бид төрийн бусад алба хаагчдын хүртэж, хамгаалуулж байгаа эрх зүйн орчноос харьцангуй давуу байдгийг мэдэх ёстой. Бид цалин, цалингийн шатлал, алба хаах хугацаа болоод бусад хөнгөлөлт урамшууллын хувьд бололцоотой. Зэвсэгт хүчиндээ алба хаагаад тэтгэвэр тогтоолгосон офицер, ахлагч нар маань өмнө нь авч байсан цалин шигээ хэмжээний тэтгэвэр авч байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр гэхээс илүү гавьяаныхаа амралтад гараад цалингаа 100 хувь авч байна гэж ойлгож болно.

АЛБА ХААГЧДЫНХАА АЖИЛЛАЖ, АМЬДРАХ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ДЭЭШЛҮҮЛНЭ

Хоёрдугаарт, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулна. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн та бүхэн гэхэд үүрээр гэрээсээ гараад үдшийн бүрийгээр харьж байгаа. Тийм биз? Тэгэхээр амьдралын ихэнх цаг хугацааг ажил албандаа зориулж байгаа та бүхэн тохитой сайхан орчин ажиллах ёстой. Энэ утгаар нь нэгтгэл, анги, салбаруудынхаа алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах нь миний гол зорилго. Сургалт бэлтгэлээ явуулдаг, хурал зөвлөгөөнөө хийдэг, тактик төлөвлөгөөгөө боловсруулдаг гээд стандартад нийцсэн орчин нөхцөлийг нь ирэх жилээс гэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд дээрээ хэрэгжүүлээд явна. Гэхдээ улс орны эдийн засгаас бүрэн хамаарах учир алга урвуулсан мэт л хийчихнэ гэж байхгүй. Үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ бол салбарын удирдлага бидний үүрэг. Харин бусад асуудалд удирдлагын арга барил, алба хаагчдын итгэл, зүтгэл маш чухал юм шүү.

Гуравдугаарт, бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн хамгааллыг дээшлүүлнэ. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуддаа аль болох албан тушаалын орон сууцыг үе шаттайгаар шинээр барих төлөвлөгөөтэй байна. Ирэх 2021 онд хөрөнгө оруулалтын төсвийг бага хэмжээгээр нэмж чадсан. Баян-Өлгий аймагт 150 хүүхдийн цэцэрлэг, ҮБХИС-ийн Академийн барилга, Номын сан барих зэрэг олон ажлууд хэрэгжээд явна. Зэвсэг техникийн шинэчлэл ч ялгаагүй хэрэгжинэ” гэсэн юм. Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд цэргийн алба хаагчид та бидний үндсэн үүрэг нь эх орноо батлан хамгаалж, иргэдээ бэлтгэлжилтэй болгох юм. Энэхүү үүргээ мадаггүй сайн гүйцэтгэхийн төлөө бүх шатандаа хичээн ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарч байх хэрэгтэй. Ирэх 2021 онд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Энэ түүхт ойг тохиолдуулан БХЯ-наас олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгаад нэгтгэлийнхэн энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг захисан юм.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид ажилласан. Тус ангийн захирагч, хурандаа С.Эрдэнэбаатар ангийн үйл ажиллагаатай холбоотой товч мэдээлэл өгөөд үйлдвэрээ танилцуулсан юм.

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 111