Зэвсэгт хүчнийхэн алба хаагчдынхаа гэр бүлийнхнийг “Манай бэр, хүргэн” гэж дотночлон дуудаж, ажил албаа нэр төртэй гүйцэтгэх тулгуур, түшиг нь тэд л байдаг хэмээн хүндэтгэж ирсэн салбар л даа. Цэл залуухан байхад нь ханилан суугаад, үр хүүхдээ хөтлөн, хайрцаг саваа баглан боож, цэргийн анги байгууллага дамжин нүүсээр хатуу бэрхийг хамтдаа туулж, эр нөхөртөө дэм түшиг болж яваа мянга мянган Зэвсэгт хүчний бэрүүдийн төлөөлөл болгож, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн Архивын эрхлэгч-оператор, сургагч ахлагч Ш.Олдохбаярын гэргий Д.Туулын ажлын нэг өдрийг түүх болог хэмээн гэрэл зурагнаа буулгаж, цаасан дээр сийрүүллээ. Зэвсэгт хүчний бэр Догсомын Туул нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр буюу дөрөвдүгээр багийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш. Багшийн нэг өдрийг сурвалжлахаар очиход түүний анги даасан 1А ангийнхны шинэ жилийн өдөрлөг болж таарав. Өдөрлөгийн өмнө хичээлээ үзэж дуусгах, өдрийн хоолоо идэх ёстой гээд багш завгүй л явна.
“За, миний хүүхдүүд өдрийн хоолоо идээрэй. Дараа нь өвлийн өвөөгөөс бэлэг авна” гээд сурагч бүр дээр очиж, эргэж хаалга руу гүйж үүдний хэсэгт цугларсан тэдний эцэг эхчүүдтэй ярилцаж, бэлгээ авчирсан эсэхийг нь лавлаж байна. “Бэлэггүй хүүхэд байх вий, сайн тоолоорой, байхгүй бол дэлгүүр гараад авъя” гэж эцэг эхчүүдтэй ярилцаж, хүүхдүүдээ баярлуулах ажилдаа л өнөөдөр голчлон анхаарсан нь илт байлаа. Хүүхдүүд ч хоолоо зооглож дуусаад “Өвлийн өвөө хэзээ ирэх вэ” гэж асуух нь асууж, “Багшаа би хоолоо идээд дуусгасан”, “Багш аа, манай аав ээж ирсэн байна уу”, “Багш аа, миний үсний боолт алга байна, та үс сүлжээд өг”, “Багш аа, тэр миний хөл дээр гишгэчихлээ” гээд л зургаан настнуудын дунд багшгүй яриа ерөөс алга. Тэр бүрт Д.Туул багш гүйж очоод, сүлжихийг нь сүлжээд, аргадахыг нь аргадаад, хэвтэр номыг нь цүнх саванд хийж, ам хамрыг нь ч арчаад дор нь бэлэн болгочихож байна. Өөрөө ч хурдан шаламгай бүсгүй юм.
“Туул багш аа, танай анги хэдэн хүүхэдтэй вэ” гэхэд “26 хүүхэдтэй. Зүүндэлгэрийнхээ энэ сургуульд багшлаад удаагүй ч сайхан хамт олны дунд орж ирсэндээ баяртай байдаг. Цэргийн хүний гэргийн ёсоор аймаг аймаг дамжаад явсан ч ажлаа сольж үзээгүй. Багш мэргэжилдээ үнэхээр дуртай. Анх математик, физикийн багш мэргэжлээрээ цөөнгүй жил ажилласан. Гэсэн ч яагаад ч юм бага ангийн багш болмоор санагдаад байдаг байлаа. Тэгээд ханьтайгаар ярилцаад Дархан хотод бага ангийн багш мэргэжлээр дахин суралцан дүүргэж, 2015 оноос айл айлын бурхан болсон ийм л хүүхдүүдийн дунд гүйж явна” гэлээ. Тэрээр Увс аймгийн Улаангом сумынх гэнэ. Ховд аймаг дахь Багшийн сургуульд оюутан болж ирээд, төгсдөг жилээ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэл залуухан дэд ахлагчтай танилцсан нь түүний хань сургагч ахлагч Ш.Олдохбаяр байжээ.Тэд 2006 онд гэр бүл болж, цэргийн хүний гэргийн ёсоор нөхрөө даган Ховд, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, өдгөө Төв аймагт шилжин суурьшиж, багшийн ажлаа ч тэр хэмжээгээр сэлгэж сольсоор ирсэн байна.
Биднийг ийн хөөрөлдөх зуур “Цас мөсний орноос цан хүүрэг татуулаад, цасан охиноо дагуулаад өвлийн өвөө нь ирлээ” гэсээр ангийн хаалгаар өвлийн өвгөн орж ирж, сурагчид ч “Өвөө, өвөө” гэсээр дуу шуу болцгоов. Хамгийн олзуурхууштай нь Д.Туул багшийн сурагчдын эцэг эхчүүд идэвх санаачилга өндөр, хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулдаг хүмүүс байдаг гэнэ. Багшид нь хэлэлгүйгээр ангийг нь чимэглэж бэлэг барьдаг л гэнэ, хэн нэг аав ээж нь ажилтай бол үр хүүхдийг нь гэрт нь хүргээд өгчихдөг гэнэ. Яг л туслах багш шиг сурагчдыг нь үргэлж эргэж тойрч, хичээл заахаас бусад тохиолдолд үргэлж туслаж дэмждэгт нь Д.Туул багш чин сэтгэлээсээ баярлаж явдгаа өгүүлж байв.
Сурагчид ч өвлийн өвөөгөөс бэлэг авч, эцэг эхчүүд нь ч гэрэл зургийг нь авахаар гаднаас орж ирсээр анги пиг дүүрэн болжээ. Сурагчид бэлгээ задална гээд, эцэг эх нь хариад задлаарай гээд халуун дулаан үгс хаа сайгүй өрнөж, Туул багш сурагчдадаа гэрийн даалгавраа хийгээрэй хэмээн захиж, энээ тэрээ малгайгаа өмс, курткаа товчил гээд анги танхимаа бүрэн анхааралдаа авсан нь яах аргагүй багш хүний чадвар гэлтэй. Надад лав олон хүүхдийн чимээнд толгой эргэж, гарах тухай бодол хөвөрч байв. Харин багш тэгсэнгүй хүүхэд бүрт тулж очоод энийгээ цээжлээрэй, тэрийг давтаад бичээрэй, өнөөдрийн заасан Н үсгээ 10 мөр бичээрэй л гэнэ. Бяцхан шавь нартайгаа харьцаж байгаа хандлага, үг хэл, үйл хөдлөл бүрээс нь чин сэтгэл нэвт шувт үнэртэнэ гэж үүнийг л хэлэх байх даа.
Нээрээ манай Зэвсэгт хүчний бэр Д.Туул багш ханьтайгаа ханилан суугаад 18 жил болж байгаа тэд хоёр хүүхэдтэй. Охин О.Амин-Эрдэнэ хоёрдугаар анги, хүү О.Мөнх-Эрдэнэ дөрвөн настай. Цаг наргүй тушаалаар явдаг цэргийн алба хаагч, мөн багшийн хүүхдүүд болоод ч тэр үү хүүхдүүд нь биеэ даах чадвартай болчихсон, охин нь аав, ээжийгээ хүлээхгүйгээр дүүгээ цэцэрлэгээс нь аваад, гэрийнхээ тоосыг соруулчихдаг гэж байна. Мөн тэрээр ханийнхаа тухай өгүүлэхдээ “Миний хань хилийн застав дээр төрсөн хүн л дээ. Хадам аав, ээж минь насаараа эх орныхоо торгон хилийг тойрч амьдарсан хүмүүс. Аав минь бэлтгэл хошууч цолтой” хэмээн тодотгож, ханийгаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, ажил албандаа чин сэтгэлээ зориулдаг болохыг ч бахархалтайгаар өгүүлж байсан юм. Ийнхүү Зэвсэгт хүчний бэр болсон бага багшийн нэг өдөртэй төсөрхөн танилцаж, сурагчид ч сурвалжлагч намайг “Багш аа” хэмээн дуудаж байснаараа “Баяртай багш аа” гэсээр хоцорлоо.
Гэснээс Зүүндэлгэр багийн ерөнхий боловсролын сургуульд цэргийнхэн хэзээнээсээ элэгтэй. Учир нь 2016 онд “Хааны эрэлд” олон улсын сургуулийн хүрээнд дотуур байрыг нь барьж, өдгөө хөдөө малчдын хүүхдүүд халуун дулаан орчинд ая тухтай амьдарч, суралцаж байна.
Ахмад Д.БОЛОР