Монголын рагбигийн холбооноос 2024 онд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанаа дүгнэж, шилдэг баг, шилдэг тамирчдаа шалгаруулсан байна. Рагбигийн холбооноос энэ жил Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран рагбигийн төрлөөр Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулснаа баярынхаа өдрөөр цохон тэмдэглэж, цэргийн алба хаагчид энэ спортоор идэвхтэй хичээллэж байгаад талархлаа дэвшүүлжээ.
Ингээд Зэвсэгт хүчний "Шилдэг баг"-аар дэд хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн алба хаагчдыг нэрлэж, өргөмжлөл шагналаа албан ёсоор гардуулсан байна. Учир нь тус ангийн "Raven club" баг тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүлж, дэд байрт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн "Eagles club" багийнхан, гутгаар байрт Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн "Elite club" багийнхан тус тус шалгарсан билээ.