• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДУЛААХАН...
Нийтэлсэн: 2024-11-29 23:26:22
Үзсэн: 44

ДУЛААХАН...
Нийтэлсэн: 2024-11-29 23:26:22 Үзсэн: 44



   Урьд шөнө нойр минь хүрсэнгүй. Үүр цайхтай уралдан Улаанбаатарынхаа захгүй их хөл хөдөлгөөнөөс урьтаж Төв аймгийн Алтанбулаг тийш жолоо залах учиртай болохоор ч тэр юм уу, орой ажлаа тараад гэр лүүгээ алхаж явтал халаасан дах гар утасны хөгжмийг эгшиглүүлэн над руу утас цохиж “Сайн байна уу? Та маргааш манайд зочлох юм байна шүү дээ. Би ахлагч А.Соёл-Эрдэний эхнэр нь байна аа” гэж уриалгахан өнгө аясаар цөөн хором яриа өрнүүлсэн айлын эзэгтэйн ярианы төгсгөлд хэлсэн “Сайн яваад ирээрэй, та” гэх ойрд сонсоогүй дотнохон үгэнд сэтгэл уясаж талархсан учраас ч тэр юм уу ямартай ч зүүд нойр минь алс тийш одсон байлаа.

    “Сайн яваад ирээрэй” гэх гуравхан үг ээжийнхээ хийсэн амттайхан хоол цайг санан эрх танхил ганц дүүдээ яаран яарсаар аавынхаа мотоциклд сундлаад хөдөө тийшээ давхиулан явдаг байсан арван хэдхэн настай балчир үеийн минь гэгээн дурсамжийг сэргээж “Би маргааш айлд зочлон очно” гэсэн баяр хөөртэй тэмүүллийг улам ч ихээр өдөөнө.

    Ашгүй нэг юм үүр цайж “Алдар” спорт хорооны үүднээс Алтанбулаг сум руу хөдлөхөөр тохирсон унаандаа сууж аяны жолоог айлынхаа зүг заллаа. Ямар хүмүүс байгаа бол, ямархан яриаг дэлгэх бол гэсэн өчүүхэн ч бодол тээлгүйгээр хэзээний танил эсвэл ойрд очоогүй хамаатны руугаа явж байгаа мэт сэтгэгдэлтэйгээр тухтайхан суудлын тэрэгний аядуухан явдалд бүүвэйлэгдсээр 50 гаруй км замыг туулж, Алтанбулаг сумын төвд байрлах “Албан тушаалын байр” гэсэн тодотголтой нэгэн байрны гадаа дөрөө мултлав.

   Хаалгыг нь зөөлөн тогшиход гэрийн эзэн гадуур хувцсаа өмсчихсөн “Сайн яваад ирэв үү. Таныг угтахаар гарах гэж байлаа” гэсээр үүдээ нээж хоймор тийшээ тухлан суухыг урин инээмсэглэхэд аанай л өнөөх дотно мэдрэмж хөвөрлөө.

   Тохилог гэж жигтэйхэн энэ айлын хүн бүрийн хайрыг өөртөө татах бяцхан охин нь өрөөнөөс өрөөний хооронд өхөөрдмөөр хурдан мөлхөж гаднын хүн гэж бишүүрхэлгүй миний өвөр дээр суун шулганана.

...Орсон гарсанд дуутай,цайтай

Олонтой явахын заяаг түшсэн... гэх дууны үгс зохимоор ажилсаг шаавай, цэвэрч нямбай айлын эхнэрийн чанасан аагтай шаргал цай, амттай гэж жигтэйхэн бууз, алаглуулан зассан ширээг найрсаг зан намайг хүндэлсэн цагаан сэтгэлийнх нь илрэл гэж бойдохуйяа гэртээ харьсан юм шиг санагдахыг яана. Жилдээ ганц удаа 1500 км замыг эвхэн эвхсээр очиход аав л ижий хоёр минь яг ингэж хөл хөөрцөг болоод угтдаг сан...

    Хэзээнээсээ л ирсэн зочноо хүндэтгэн идээ ундааныхаа дээдээр дайлдаг монгол ёс заншлаа гээгээгүй энгүүхэн атлаа их л үнэ цэнтэй аж төрөн суугаа залуу үеийн төлөөлөл болсон энэ сайхан айлд олноос онцлон зорин очсон минь учиртай билээ. Юу хэмээвээс гэрийн эзэн гэргий хоёул тангараг өргөсөн цэргийн алба хаагчид. Монгол Улсын Зэвсэгт хүчин гэх асар баян алдар суутай их айлын эс ширхэг нь болж армийн ахлагчийн эгнээг ихэрлүүлэн нэмсэн хосууд маань яалт ч үгүй хожим хойно үр хойчдоо хүүрнэн өгүүлэх бахархлыг бүтээж явна.

    Гэрийн эзэн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Цэргийн далдуур удирдлагын албаны тусгай холбооны мэргэжилтэн жолооч ахлагч А.Соёл-Эрдэнэ, гэргий нь дэд ахлагч Б.Цагаансүм Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Дайчилгаа хүний нөөцийн албаны хүний нөөцийн хэрэг хөтлөгчөөр ажилладаг. Харин одоогоор том охин Энхжингээ үсэг, тоогоо нүдлэх эрдмийн аянд нь шамдуулж, ээжийгээ хүүхэд асрах чөлөөнд гаргасан бяцхан гүнж Энхсоёлыгоо бөөцийлөн жаргалтай ээж, жавхаатай гэргийн албаа хашиж сууна. Ийм л нэгэн түмэн жаргалтай, түвшин сайхан өрх бүл хот суурины амьдралд хошуурсан олноос онцгойрч нам гүмхэн сууриндаа налайн сууж байна.

    Олны үгийн салхин дундаас хаа нэгтээ сонсоход айл гэрт тангараг өргөсөн цэргийн хүн нэг л байхад тэр айлынхан бүгдээрээ төрдөө тангараг өргөсөн мэт хариуцлагатай байж бат ар тал болж тэр хүнээ эх оронтойгоо булаалдах эрхгүй болдог юм гэнэ лээ. Харин энэ бяцхан охидын ээж аав хоёул цэргийн хүмүүс гэхдээ ажил, амьдралаа төгс хослуулж чаддаг, үр хүүхдээ тааваар нь торинуулан байгааг нь хөндлөнгийн нүдээр ажихад их л чамбай эгэлгүй хөдөлмөрч санагдана.

Хаана ч, хэзээ ч дурсан ярихад дандаа шинээрээ байдаг нэгэн зүйл бол анхны учралын дурсамж байдаг.

    Улаанбаатарын унаган хүү А.Соёл-Эрдэнэ цэргийн хүн болно гэсэн багын мөрөөдөлдөө хөтлөгдөн ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд элсэн орж карантинд гарсан 2017 оны тэр зун усан бороо өдөр болгон асгарч байсныг, усгал дөлгөөн аальтай том алаг нүдтэй хөөрхөн охин хамт тангараг өргөх мөчид хараанд нь туссаныг ярихдаа хэн хэн нь ичингүйрч хацарт нь жаргалын туяа, харцанд нь хайрын гэрэл тодорно. Гэхдээ тэр үед А.Соёл-Эрдэнэ л харж шохоорхоод өнгөрснөөс биш үг ч сольж амжаагүй юм билээ. Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ерөөлтэй хүмүүс учирдаг гэдэг юутай үнэн болохыг тэдний тэнгэрлэг учрал нотлоод л өгнө. Тус тусын томилолтоо өвөртлөөд хувь хувийн замаараа амьдарч явсан хоёрын зам нийлсэн уулзвар нь Зэвсэгт хүчний 119 дүгээр анги учраас ажлын ч, амьдралын ч гарааг нь эхлүүлж өгсөн ангидаа, Алтанбулаг сумдаа хос хоёр маань хайртай байдаг гэнэ лээ. Тэгэхээс ч өөр яах билээ, тэвэр дүүрэн үрсийнх нь төрсөн нутаг нь болж тэнүүн сайхан хэвлийдээ тэртээх арын сайхан хангай нутгийн охиныг ханьтай нь, үрстэй нь багтааж, аз жаргалаар бялхуулан байгаа юм чинь дээ.

   Хүн өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун, бодол тэнэгэр байх юу юунаас үнэтэй гэдгийн үлгэрлэл болсон хосуудын цаашдын зорилго нь ч биелшгүй алсынх биш, бэлхнээ уургалаад татмаар ойрхон гэгээн гэрэлтэй байгаа нь тэдний суурь хүмүүжилтэй нь гарцаагүй холбоотой. “Бид хоёр ачтай буянтай өвөө эмээ нарынхаа хайранд бөөцийлүүлж өссөн нь азтай. Харин одоо ажилч хичээнгүй аав, ээжүүдийнхээ нөмөр нөөлгийг мэдэрч яваа их л хувьтай хүмүүс дээ” хэмээнэ.

   Хичээсэн хүнийг бурхан үргэлж шагнасаар байдаг болохоор хиргүй санаа бодолтой халуун дулаан өрх бүлийн бүхий л хүсэл биелэх болно оо.

    Ажил албаныхаа тухай надад ярьж сонирхуулаач гэхэд минь “Нэг салбарт нэг ангид ажиллах бие биеэ ойлгож танихад хэчнээн их түлхэц болдгийг тоочоод байвал дуусахгүй. Ажил мэргэжлийн хувьд хүн л юм хойно мэдэхгүй чадахгүй зүйл тохиолдоно. Тийм үед хамтдаа сууж байгаад яаж ийгээд л гарц гаргалгааг нь олоод ажлаа хийж гүйцэтгэнэ. Хийж буй ажилдаа дуртай, хашиж буй албандаа хайртай, мөрөндөө зүүсэн мөрдэсдөө хүндлэлтэй байдаг болохоор цэргийн хүний амьдрал их сайхан даа” гэж гэрийн эзэн хүүрнэхэд гэргий нь залгуулан нэгэн дурсамжаа ийн ярилаа. “Бид хоёр том охиноо гэртээ ганцааранг нь орхиод л ажилдаа явна. Ажлынхаа чөлөөгөөр хэн нэг нь эргэж ирээд хоол цайг нь хийж өгөөд л буцдаг үеүд цөөнгүй байдаг байлаа. Одоо эргээд бодоход ёстой л зоригтой байж. Бидний хамт олон эргэн, тойронд байгаа хүмүүс үнэхээр ерөөлөөр учирсан мэт сайхан хүмүүс бий дээ. Ажлын ч амьдралын ч сайн нөхөд болсон хүмүүстэйгээ амар амгалан нөхөрлөж, энэ сумандаа, энэ ангидаа олон сайхан дурсамжийг бүтээж яваадаа баяртай байдаг” гэнэ. Санаа сайн бол заяа сайн гэдэг үг энд л бичигдэх учиртай биз ээ.

    Дайлуулж цайлуулан энэ дулаахан өрх бүлд өнжин саатах энэ өдөр гадаах цаг агаар өвөл атлаа намар цагийн налгар өдөр шиг сайхан байлаа. Бяцхан гүнжийг эрхлүүлэн суухад минь ээж нь нэрийнх нь утга тайллыг хэлэв. Эгчийнх нь нэрийн Энх-ийг аавынх нь нэрийн Соёл-ыг нийлүүлэн энэ сайхан нэрийг охиндоо хайрласан гэнэ. Эмэгтэй хүүхэд их л эрх танхи өсөх хэрэгтэй учраас охидынхоо өрөөг хүссэн үлгэрийн баатрын зураг бүхий хөшиг зэргээр тохижуулан, зөөлөн ягаан өнгөөр жигдлэхээс авхуулаад “Албан тушаалын” гэх тодолголтой хуучны орон сууцыг өөрсдийн гараар нэг бүрчлэн завсарлаж тав тухаа бүрдүүлснийг нь харахад тун чиг ажилсаг хосууд юм аа гэх бодол аяндаа л төрнө. Цэргийн хүн тушаалаар гэдэг нэг л өдөр тушаал аваад өөр ангид ажиллахаар яваад өгч мэднэ гэсэн хүнийрхэх бодол тэдэнд өчүүхэн ч үгүйн илрэл энэ юм.

    Цэвэрхэн цагаан алаг хивсэн дээр халуун бүлээрээ тухлан суухдаа зургийн цомгоо надад нэг бүрчлэн тайлбарлан сонирхуулахад, бяцхан гүнж хөөрхөн булбарай цагаан гараараа зургийн цомгийн энд тэнд нь заан эдгүүтэйхэн инээнэ. Энэ бяцханыг хэвлийдээ байх үед татуулсан Б.Цагаансүмийн цагаан дээлтэй нэгэн гоё зураг нүдэнд тусах агшинд нэрийг нь анх сонсоод “Яасан гоё нэртэй юм бэ” гээд шуудхан хэлснээ санана. Таны нэрийн утгыг сонирхмоор байна гэхэд “Цагаан сүмийн гол гэж Архангай аймгийн Хотонт сумын нутагт бий. Тэр голын нэр юм. Түүнчлэн голын ус дандаа урсаж тунгалагшиж байдаг болохоор хиргүй тунгалаг сэтгэлтэй байгаасай гэж энэ нэрийг ээж, аав минь хайрласан гэдэг.

Миний нэр Монголд нэг л байдаг. Би эхээс хоёулаа, ахын минь нэрийг Б.Суваргахайрхан гэдэг. Бас л Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших төрийн тахилгат уулын нэр юм” гэв. Ташрамд дурдахад түүний ах нь ч мөн адил цэргийн хүн байдаг ба ахлагч цолтой төдийгүй хөнгөн атлетикийн тамирчин ОУХМ, Зэвсэгт хүчний шилдэг тамирчдын нэг ажээ.

...Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай

Ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй... гэсэн алдартай сайхан дууны үгийг алдар нэр нь ховорхон, армид тангараг өргөсөн ах, дүү хоёрын ижийд нь зориулан хэлмээр болоод сэтгэлд омогшил төрснийг энд үзэглэе.

Нэгэн дурсамжийг сийрүүлэхэд, манай хоёр бүл нэмэх болсноо хамт олноосоо тас нууж зургаан сар явжээ. Учир нь Б.Цагаансүмийг мөдхөн маршид оролцуулахаар бэлтгэл сургуулилтад гаргах талаар удирдлагууд нь ярилцаж байх үед бие давхар болсноо хэлбэл дарга нарынхаа урмыг хугалах гээд байсан тул хэлж зүрхлэлгүй өнгөрснөөр гүйж харайх гэх мэт цэргийн эрдмийн бүхий л үйлдлүүдээ бусдаасаа хойш суулгүй хийсээр л байж. Хаа нэг ангийн хашаанд зөрөөд өнгөрөхдөө нөхөр нь эхнэртээ битгий гүйгээд бай л даа алхаад яваач гээд шивнээд өнгөрнө. Харин удирдлагуудын дэргэд тийм зүйлсээ хамаагүй ярьж чадахгүй харцаараа л зөөлөн алхаж гишгээч гэж гуйдаг байсан гэх. Тэрчлэн эхнэрийнх нь гэдэс томрохын хэрээр бусдад мэдэгдэх гээд байсан учир нөхөр нь өөрийнхөө хувцсыг хүртэл өмсүүлж байсан гэдэг. Нэгэн өдөр “За Цагаансүм ээ яагаад томдсон хувцас өмсөөд яваад байна вэ?” гэж асууснаар хэрэг бишдэж даргадаа үнэнээ хэлэхэд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Г.Дүнжингарав чухал үед ажил амьдралаа хольж төлөвлөгөө нураалаа гэж зэмлэл хүртээсэн хэдий ч “Хүүхэд гэдэг хамгийн эрхэм аз жаргал байдаг юм. Өдий болтол нууж хааж явдаг бас л сүрхий улс юм даа. Алив баяр хүргэе” гээд жаргал ерөөсөн гэнэ лээ. Мөн штабын дарга хошууч Г.Алтансүх тэдний ах шиг байж үргэлж тусалж дэмждэг байсныг мартахын учиргүй. Ийм л хүний хайлан болсон хүмүүс хорвоод олон байдагт баярламаар.

Нэг мэдэхэд бидний амттайхан яриа бүх л сэдвийг хамран хөвөрсөөр хэзээний эгч дүүс, найз нөхөд мэт инээлдэн сууцгаав. Өглөөний наран мандах агшинд өргөө гэрт нь зочлон очсон би үдийн наран хэдий нь ээ хэвийснийг ч анзаараагүйг бодоход дулаан оргисон энэ айлд их л тухалсных байх аа.

Даалгавраа хийгээд болчихсон, одоо танд авьяасаа үзүүлье гээд Энхжин охин дотночлон байхад эднийд өнжин биш хонон саатмаар ч юм шиг. Нэгдүгээр ангийн сурагч хөөрхөн авьяаслаг дүүгийнхээ гоёхон бүжгийг үзэн баясаж, бяцхан дүүг нь нойрмоглон нүдээ нухлах үест орсон бороо татарч ирсэн гийчин буцдагийн жамаар хотын зүг хөдлөх болов.

Нэг л дулаахан мэдрэмжийг сэтгэлийн угтаа хүртэл шигтгээд буцаж яваа миний нүдэнд зам дагуу харагдах нүцгэн модод хүртэл үзэсгэлэн төгс харагдаж нутгаасаа гарч яваа юм шиг хоргодох сэтгэл үе үехэн цухалзана. Үлгэр жишээ үнэхээр хөөрхөн энэ гэр бүл тав эсвэл арван жилийн дараа улам өнөр болж ахлагч хосууд маань албан тушаал ахиж офицерын эгнээнд элссэн байх цагт би ахин нэг зорин ирэх болно оо.

Намуухан байгалийн даруухан өнгөнд шунах харцны минь үзүүрт өвлийн тэргүүн сарын сэрүүнийг үл ажирсан ангирын сүрэг голын хөвөөгөөр дүүрэн хөвж харагдах энэ сайхан газар намайг чин сэтгэлээ дэлгэн угтаж, дулаахан гэртээ өнжөөгөөд үдсэн цэргийн нэгэн гэр бүл байгаа. Өнгөөр зүйрлэвэл цагаахан, өөр юутай ч зүйрлэмгүй дулаахан сэтгэлтэй, дулаахан гэртэй энэ айлыг би ДУЛААХАН АЙЛ хэмээн тодотгоё.

П.СИЙЛЭГМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 111