Монгол цэргийн түүхийг баяжуулан дархалж яваа эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч, артиллерийн цэргийн төлөө хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчинд Артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ардын журамт цэргийн 1 дүгээр морьт бригадын бүрэлдэхүүнд 2 батарейтай анхны их бууны хороог байгуулснаар артиллерийн цэргийн суурь тавигдсан түүхтэй. Хожмоо Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 168 дугаар тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийг орчин цагийн Зэвсэгт хүчинд Их буут цэрэг байгуулагдсан өдөр хэмээн баталгаажуулсан бөгөөд артиллерчдынхаа ажил үйлс, алдар гавьяагаар бахдах түүхэн цаг үе өнөөдөр тохиож байна.
Ард түмэндээ “Дайны бурхан” хэмээн хүндлэгдсэн Артиллерийн цэрэг нь ардын хувьсгалын галыг асаалцан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, улс орныхоо батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах, цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван баатарлаг хөвгүүдийг эгнээнээсээ төрүүлсэн бөгөөд өнөө цагт даян дэлхийн энхийн үйлсэд зүтгэж, 2003 онд Афганистанд мэргэжлээрээ сургалт бэлтгэл, засвар үйлчилгээг явуулсан анхдагч төрлийн цэрэг болж чадсан юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхийн бүхий л үе шатанд артиллерчдын гүйцэтгэсэн үүрэг асар их бөгөөд дайны хүнд цаг үеэс эхлэн өнөөгийн энх цаг хүртэлх хугацаанд хуулиар хүлээсэн олон талт үүргээ нэр төртэй биелүүлсээр ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхдээ таатай байна.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсэн ахмад дайчид, Монгол цэргийн түүхэн алдар, гавьяат үйлсийг эрхэмлэн нандигнаж, бахархам үйлсээрээ баяжуулан, нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн алба хааж буй хамтран зүтгэгч артиллерчин нөхдөдөө болон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ч.ЦОГТЖАРГАЛ