• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СОЁМБОТОЙ МАЛГАЙТАЙ ТАНД ЗОРИУЛАВ
Нийтэлсэн: 2024-11-01 15:09:19
Үзсэн: 198

СОЁМБОТОЙ МАЛГАЙТАЙ ТАНД ЗОРИУЛАВ
Нийтэлсэн: 2024-11-01 15:09:19 Үзсэн: 198



    Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн нээлтийн ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдав. ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн бүрэлдэхүүн танхим болон цахимаар бүрэн хамрагдаж, ирэх сургуулийн жилийн зорилго чиглэл, баримтлах бодлогын талаар үүрэг чиглэл авлаа. Сургуулийн жилийг ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба нээж үг хэлэхдээ Зэвсэгт хүчний 2023-2024 оны үйл ажиллагааг дүгнэж, 2024-2025 ондоо хийх ажлаа тодотгож, үүнд алба хаагч ямар үүрэг оролцоотойг онцоллоо.

     Түүний илтгэлд олон чухал асуудал хөндөгдсний нэг нь Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч бүр мэргэжлийн зэрэгтэй болох тухай байв. Мэргэжлийн зэрэг өөрөө бэлтгэгдсэн цэрэг байхын гол шалтгаан, үүнийг цалингийн нэмэгдэл гэж харж болохгүй. Өөрийгөө хэрхэн бэлтгэсэн цэрэг хүн гэдгээр дүгнэх хэрэгтэй. Шинэ сургуулийн жилд мэргэжлийн зэрэгтэй алба хаагчийн тоог нэмэгдүүлнэ гэж тэр цохон тэмдэглэв. Үргэлжлүүлэн дайчилгаатай команд штабын сургуулиуд тэр дундаа Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль, Агаарын цэргийн командлалын Хуурай замын цэрэг, Тусгай хүчний цэргийн тодорхой бүрэлдэхүүнтэй хамтарсан тактикийн сургуулийг онцлон сайшааж, төрөл мэргэжлийн цэргийн бэлэн байдалд онцгой үүрэг гүйцэтгэсэн сургууль гэж тодотгов. Энэ жил эдгээр сургуулиудыг үргэлжлүүлэх ёстой, үүнд төрлийн цэргийн командлалууд идэвх санаачилгатай байхыг захилаа. Мөн холбоочдын сургууль, ар талынхны хээрийн сургуулийн үр дүнд сэтгэл хангалуун байна. 37 жилийн дараа явагдсан Зэвсэгт хүчний ар талын ангиудын хээрийн сургуулиар зэвсэглэл техникээ засварлан шинэчилж, нэгтгэл, ангийн хуягт техник, авто техник, засвар үйлчилгээний алба хаагчдаа мэргэшүүлж сургасанд олзуурхаж буйгаа дурдлаа.

      Олон улсын болон хамтарсан сургуулиудын талаар ярихдаа ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль Зэвсэгт хүчний 327 дугаар ангийг түшиглэн Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил зөвхөн Хуурай замын цэргээр хязгаарлагдахгүйгээр Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийг оролцуулснаараа онцлог. Энэ үеэр манай агаарын цэргийн зоригт шонхрууд өөрийн нутаг дэвсгэртээ хамгийн холын нислэгийг гүйцэтгэлээ. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армитай хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн мөн амжилттай явууллаа. Мөнх хөрш хоёр оронтойгоо харилцаагаа эн тэнцүү хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд “Сэлэнгэ”, “Талын түнш” асар чухал үүрэгтэй гээд “Хааны эрэлд-2024” олон улсын энхийг дэмжих сургууль болон бусад оронтой хамтарсан сургуулиудыг тодотгож ярилаа. “Хааны эрэлд” сургуульд оролцогч орны тоог нэмэгдүүлэх зарчмаас гадна агуулгын хүрээнд өргөжүүлж, бүрэлдэхүүний чадавхыг дээшлүүлэхэд өнгөрсөн 2 жил ихээхэн үр дүнтэй явагдсаныг онцлон тэмдэглэв.

       ЗХЖШ-ын даргын дараагийн сэдэв ахлагчийн албыг бэхжүүлэх болон хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэх сургалт тогтолцооны тухай байв. Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Тусгай хүчний цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-ийг түшиглэн 300 гаруй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг өөрсдийнх нь хүсэл сонирхлоор нь суралцуулж, мэргэжлийн ахлагч болгон бэлтгэсэн нь том алхам. Энэ ажил цаашид улам төгөлдөржиж хэрэгжинэ. Гагцхүү тэдгээр залуу боловсон хүчнийг цэргийн албанд нь мэргэшүүлж, сургахад нэгтгэл, ангийн удирдлага онцгой анхаарах хэрэгтэй. Тэтгэвэр, чөлөөнд гарсан ахлагчийн бүрэлдэхүүнээ ч бид мартах учиргүй. Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиуд цэргийн тэтгэвэрт гарч байгаа ахлагч нартай тодорхой хугацааны цалинтай чөлөө өгч, иргэний мэргэжил эзэмшүүлж байгаад талархаж байна. Бид үүнийг илүү албан ёсны болгоно, бүх талаас нь дэмжинэ.

      Хугацаат цэргийн алба ч ялгаагүй, ЗХЖШ-аас энэ талд олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. 2023 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдын 23 хувь нь аймаг, орон нутгийн МСҮТ-ийг түшиглэн нийгэмд хэрэгцээтэй ажил, мэргэжил эзэмшиж, 14 хувь нь жолооны В дамжаанд суралцаж дүүргэж, тодорхой хувь нь англи хэлний мэдлэг эзэмшсэн байна. “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын хүрээнд энэ сургалт цаашид улам төгөлдөржиж, англи хэл, компьютерийн анхны шатны мэдлэг олгож, иргэний ажил мэргэжил олгоход бид энэ жил анхаарна гэв. Мөн тэрээр сэтгэл зүйн тогтвортой байдал, ёс суртахууны тухай өгүүлж, алба хаагчдаа муу зуршлаас ангид байх, соён гэгээрүүлэх талд нэгтгэл, ангиуд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй. Нийгмийн хамгаалал тэр дундаа цалин хөлс сүүлийн 2 жилд шатлан нэмэгдсэн байна. 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр онцгой нөхцөлийн 15 хувь нэмэгдэнэ гээд цэргийн алба хаагч өөрөө нийгмийн манлайлагч нь байх ёстой. Соёмботой малгай өмссөн л бол та албаны нэр хүндийг өндөрт өргөх ёстойг захилаа.

       Илтгэлийнхээ төгсгөлд ирэх сургуулийн жилд баримтлах бодлогоо танилцуулж, сургалт бэлтгэлийн шинэчлэл, бэлэн байдлын дээшлүүлэх ажил арга хэмжээ, орчин үеийн дэвшилтэд технологитой хэрхэн хорших талаар мэдээлэл хүргэж, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн тэдний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэж, Монгол цэргийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж явахыг ерөөлөө.

Ахмад Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113