Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн офицер, даргалах албан тушаалын ахлагч нарын заах арга зүйн цугларалт 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд “Цэргийн сургалт бэлтгэл ба бэлэн байдал” сэдвийн хүрээнд явагдаж байна. Цугларалтын эхний өдөр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн багш нартай хамтран хиймэл оюун ухаан, бүс нутгийн аюулгүй байдал, дэлхий орнуудын Зэвсэгт хүчинд гарч буй өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл, “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын танилцуулгыг сонссон байна. Үргэлжлүүлэн төрлийн цэргийн командлалуудын үйл ажиллагаатай танилцаж, дотооддоо хэвшүүлж байгууллагын соёлоос суралцах, харилцан туршлага солилцох зорилгоор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллав.
Зэвсэгт хүчний Материал хангалтын төв бааз болсон Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн бүрэлдэхүүнийг Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр хүлээн авч “Цэрэг хаана, бид тэнд” уриатай Зэвсэгт хүчний өдөр тутмын үйл ажиллагаатай салшгүй холбоотой материал хангалтыг зохион байгуулагчид байгууллагад нь зочилж буйд талархал дэвшүүлээд Хуурай замын цэргийнхний ололт амжилтаас мэдээлэл хүргэв. Тэрээр Хуурай замын цэргийн командлал үндсэн үүргээсээ гадна байгууллагын соёлыг хэвшүүлэхэд онцгой анхаарч буйгаа онцолж, тус ангийн захирагч хурандаа Ө.Ганцоожид ОХУ, БНХАУ, АНУ-ын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2024”, “Талын түнш-2024”, “Зам-2024”, “Зэв-2024” хамтарсан сургуулиудын гэрэл зургийн цомог бүхий сэтгүүлийн дээжээс бэлэглэсэн юм. Энэхүү хамтарсан сургуулиудын ар тал, хангалтыг зохион байгуулахад Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхан ихээхэн үүрэгтэй оролцсоныг ч энэ өдөр онцлон тэмдэглэв.
Үүний дараа тус ангийн бүрэлдэхүүн командлалын номын сан, музей, Гадаад хэлний сургалтын төвүүд, хүндэтгэлийн танхим, кофе шопын үйл ажиллагаатай танилцаж, санал сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэдний нэг ахлах ахлагч Б.Тэрбиш ярихдаа “Хуурай замын цэргийн командлалыг орон нутагт шилжин байрласны дараа гал тогоо, бусад өрөө тасалгаанд халаагуур залгах ажлыг гүйцэтгэж байлаа. Тэр үетэй харьцуулахад их сайхан өөрчлөгдсөн байна. Хамт олны хүлээн авч байгаа нь ч халуун дотно байгаад талархаж байна” гэлээ. Тэрээр тус ангидаа 18 дахь жилдээ алба хааж байгаа, тоног төхөөрөмж холбох, засвар үйлчилгээ гүйцэтгэх ажлыг тасралтгүй хийж яваа алба хаагч ажээ. Энхийг сахиулах ажиллагаанд үндсэн үүргээрээ хоёр удаа оролцсон цэнхэр дуулгатан аж.
Зочдын дунд өөр нэг онцлог алба хаагч байсан нь тус ангийн Эрүүл мэндийн төвийн дарга хошууч Ж.Байгальмаа байв. НҮБ-ын нэрийн хуудас болсон сэтгүүлийнх нь тэргүүн нүүрэнд монгол эмэгтэй энхийг сахиулагчийн гэрэл зураг байдаг бөгөөд тэр нь хошууч Ж.Байгальмаагийн энхийг сахиулж буйх үеийнх нь зураг байдаг юм.
Материал хангалтын төв бааз болсон Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхны заах арга зүйн цугларалт маргааш “Монгол бахархал, үндэсний өв соёл” сэдвээр Чингис хааны музейтэй хамтран явагдах юм байна.
Ахмад Д.БОЛОР