• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УХААНТ ИЖИЙ ААВ ТАНД БАЯРЛАЛАА
Нийтэлсэн: 2024-10-22 09:35:46
Үзсэн: 182

УХААНТ ИЖИЙ ААВ ТАНД БАЯРЛАЛАА
Нийтэлсэн: 2024-10-22 09:35:46 Үзсэн: 182



    Өнгөрсөн жилийн яг өдийд Дархан-Уул аймгийн иргэн М.Алтанбагана тэрсхэн өссөн гурван хүүгээ хугацаат цэргийн албанд хамтад нь мордуулж, нийгмийн сүлжээ ах дүү хөвгүүдээр тэр чигтээ бахдан бахархаж байв. Том хүү А.Наранбат 100 жилийн түүхт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид, дунд хүү А.Ариунбат 80 жилийн түүхт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид, удаах хүү А.Ариунбаяр 37 жилийн түүхт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид тус тус хуваарилагдаж, эх орныхоо өмнөө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэчхээд саяхан бэлтгэлээр халагдаад билээ.

   Ах дүү ахлах байлдагч нарыг аав ээж, ахан дүүсээс гадна орон нутгийнхан ч аймгийнхаа төв талбайдаа ёс төртэй угтан авч, зуун зуун залууст үлгэрлэл болгон зарлаж, талархал дэвшүүлсэн нь дэндүү сайхан үйл явдал байв.

Хайртай ээждээ үнсүүлж мордохдоо

Асгаруулж үзээгүй нулимсаа

Халагдаад явах энэхэн мөчид

Харин би чинь тэвчиж чадсангүй ээ ... хэмээх аялгуу дор ах дүү хөвгүүд ч цэргийн албандаа хоргодон хоргодон харьсан нь бас л дэндүү бахархам байв.

    Ингээд эх орныхоо өмнө хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн эх орны хөвгүүдийн сэтгэгдлийг элдэв хачиргүйгээр хүргэж байна. Өдгөө ахлах байлдагч А.Наранбат Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн ойн инженер мэргэжлээр суралцаж байгаа бол хоёр дүү нь мал ахуйгаа хариуцаж, өвөлжөө юугаа дулаалж, аав ээждээ тусалж байгаа гэнэ лээ.

    Бэлтгэл ахлах байлдагч А.Наранбат “Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын ротод алба хаасандаа баяртай байна. Алба хаах хугацаандаа төрийн болон цэргийн ёслолын олон ажиллагаанд оролцож, төрийн хүндэт харуулын түүхийг өөрийн хэмжээндээ бичсэндээ бүр их баярлаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч, Бутаны хатан хаан, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийг угтан авч, Үндэсний Их баяр наадам, Төрийн далбааны өдрөөр ч торгон цэргийн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Өөр нэг бахархал гэвэл бид хугацаат цэргийн салаагаараа Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн” гээд үргэлжлүүлэн ангийн удирдлагууд нь “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин” медалиар шагнаж, ахлах байлдагч цол олгосныг бахархан ярилаа. Ахын хувиар дүү нартаа санаа зовж байсан ч “Тэд яг л над шиг завгүй цэрэг байгаа” гэдэг бодлоор өөрийгөө тайвшруулж байсан гэнэ. Түүний санаанаас гардаггүй дурсамж нь дүү ахлах байлдагч А.Ариунбаяртайгаа (311) маршийн аварга шалгаруулах Тавантолгойн дэнжид таарч, тэвэрч үнссэн агшин гэнэ лээ. Ах дүү хоёул анги ангиасаа шалгаран маршийн тэмцээнд салаагаараа оролцож, тэмцээний индэр дээр таарсан нь тэр ажээ. Ах нь торгон цэргүүдтэйгээ хүрэл медаль хүртэж, дүү нь салаагаараа 10 дугаар байр эзэлсэн байна.

      Харин ах дүү хоёртойгоо дөрөө харшуулан албандаа мордсон А.Ариунбатын хувьд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хуваарилагдаж очоод 43 хоноод эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан байна. 2023 оны 11 дүгээр сард нэгэн харамсалтай гашуун үйл явдал тохиолдож, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн хугацаат цэргүүдэд Цэргийн төв эмнэлгээс дахин үзлэг, оношилгоо хийсэн дээ. Тэгэхэд А.Ариунбатыг цэргийн эмч нар зүрхний хэм алдагдалтай байна гэж үзэж, цэргийн албанаас халах шийдвэр гаргажээ. Энэ талаар А.Ариунбат ярихдаа “Яг л цэргийн тангараг өргөхөөс ердөө гуравхан хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан. Миний хувьд цэргийн албыг ах дүү хоёроосоо илүү их хүсэж, мөрөөдөж өссөн гэхэд болно. Даанч эрүүл мэндийн асуудалтай байсан учраас өөртөө гомдоод яах билээ. Халагдаж ирээд ах дүү хоёрыг иртэл аав ээждээ тусалж, адуу малаа маллаж байлаа” гээд ирэх хавар сайн бэлтгэж байгаад ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд элсэх бодолтой буйгаа ярилаа.

   Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ахлах байлдагч А.Ариунбаяр алба хаах хугацаандаа “Онц буудагч”, “Тамирчин дайчин” медалийг тус тус хүртэж, Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд оролцсон байна. Мөн онжавуудтайгаа жолооны дамжаанд С ангиллаар суралцаж, дүүргэжээ. Тэр мөн л Дотоодын цэргийн ангид ахлагчаар элсэж, алба хаахаар төлөвлөж буйгаа ч дуулгав.

   Ийнхүү Дархан-Уул аймгийн иргэн М.Алтанбагана, түүний гэргий Г.Наранцэцэг нарын гурван хүү цэргийн албаараа бахархаж, анги хамт олноо үгийн сайхнаар урлан магтаж, аав ээж, ах эгч, дүү нартаа маш их хайртайгаа дамжуулж, цэргийн албанаас олон сайхан нөхөрлөлийг олж авснаа онцоллоо.

   Нэмэлт мэдээлэл хүргэхэд манай дайчдын аав, ээж М.Алтанбагана, Г.Наранцэцэг нар долоон хүүхэдтэй. Том охин А.Ариунаа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ажилладаг, дэд ахлагч цолтой. Том хүү, ахлах байлдагч А.Наранбат өдгөө ХААИС-д ойн инженер мэргэжлээр дөрөвдүгээр дамжаанд суралцаж, удаах охин А.Наранчимэг мөн тус сургуульд газар зохион байгуулагчаар дөрөвдүгээр дамжааны оюутан бол удаах хөвгүүд нь ахлах байлдагч А.Ариунбат, А.Ариунбаяр нар, хамгийн бага хоёр нь сурагч А.Ариунболд, А.Анужин нар ажээ.

   Мэдээж М.Алтанбагана ахад цэрэгт дахин мордуулах нэг хүү үлдсэн нь сурагч А.Ариунболд. Нас биед хүрэхээр ах нарынх нь замналаар албанд нь мордуулж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлнэ гэж хайрт аав нь эрс шийдэмгий өгүүлж байв. Тэр үнэхээр л эцэг хүн, тэр дундаа хөвгүүдээ эх орны эр цэрэг болгосон бахархалт аав ажээ. Цэрэг армидаа хайртай, бахархал хүндэтгэл дүүрэн танай гэр бүл танд маш их баярлалаа.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114