• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ҮБХИС-ИЙГ ТӨГССӨН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ АЖЛЫН БАЙРНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-10-26 15:32:41
Үзсэн: 78

ҮБХИС-ИЙГ ТӨГССӨН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ АЖЛЫН БАЙРНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-10-26 15:32:41 Үзсэн: 78



ЗХЖШ-ын Сургалтын хэлтсээс 2020 онд ҮБХИС-ийг төгссөн офицер, ахлагч нарт 14 хоногийн хугацаатай “Ажлын байрны анхан шатны сургалт”-ыг 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдүүдэд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг түшиглэн амжилттай зохион байгуулж явууллаа. Энэхүү сургалтыг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Э.Мөнх-Оргил удирдан явуулсан бөгөөд сургалтын гол зорилго нь шинээр албан тушаалд томилогдсон офицер, ахлагч нарын цэргийн ерөнхий бэлтгэл болон бие бялдрын түвшинг тогтоох, томилогдсон ажлын байрны онцлог, тэдгээрт тавигдах шаардлагын талаар ойлголт өгөх, ажлын гараагаа зөв эхлүүлэх, албан тушаалд нь богино хугацаанд дадлагажуулахад оршиж байгаа юм. Сургалт лекц, харилцан ярилцах, зааварлах, үзүүлэх, дадлага гэсэн хэлбэрээр явагдсан буюу 20 хувь онол, 80 хувь нь дадлага зонхилж зохион байгуулагдсан юм.  

"Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртлөн ирнэ" гэж Монголын шинэ үеийн яруу найргийг үндэслэгч Д.Нацагдорж нэгэнтээ өгүүлсэн байдаг... Цэргийн эрдмийг шамдан суралцаж, "Зэвсэгт хүчин" хэмээх их айлын хаалгыг татсан шижгэр залуус томилолтоо өвөртлөн эх орныхоо өнцөг булан бүрт томилолт өвөртлөн хүлгийн жолоо залцгааж байна байна. Тохой залган суусан оюутан цагийн он жилүүд урсан өнгөрч, "Цэргийн нөхөрлөл"-ийн үнэ цэнийг мэдэрсэн тэд чин сэтгэлийн угаас бие биендээ ажил, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөж, эргэн уулзахын ерөөл тавьж байлаа. Гал дөлтэй залуусын дотроос нэгэн дэслэгчтэй хэдэн үг солихын зуур аргагүй бахархах сэтгэл төрсөн юм. Тэрээр "Тэмүүжин-Өрлөг" бүрэн дунд сургуульд суралцаж төгсөөд ЦНС-д дөрвөн жил артиллерийн командын офицер мэргэжлээр суралцсан аж. Өөрийн хүсэлтээр хөдөө орон нутагт очиж ажиллах саналаа өгч, ийнхүү өнөөдөр Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай сум руу хүлгийн жолоо залж байна. "Ажиллах урам зориг, хүсэл мөрөөдөл дүүрэн байгаа. Саяхан төрсөн эхнэр, хүүхдээ аваад явна даа. Эхнэр маань намайг хаана ч очсон дагаад л явна гэсэн" гээд бахархалтайгаар инээмсэглэж байлаа. Ёстой л нөгөө дуунд гардгаар "Уул давсан ч чамайгаа дагана Ус гатлавч чамайгаа дагана" гэдэг шиг л. Цэргийн хүний гэргий байна гэдэг эх орноо батлан хамгаалахад мөн адил хүчин зүтгэж байна гэсэн үг. Амьдралдаа биелүүлэх олон зорилго тавьсны хамгийн ойрынх нь "Томилогдсон ажилдаа сайн дадлагажиж, насан туршийн сонголтод шантрахааргүй мэргэших" гээд тов хийтэл хариулах дэслэгч А.Ариунболд болон гэр бүлд нь аз жаргалыг хүсэн ерөөе. Аав, ээжийнхээ гэрээс дөнгөж гараад "Цэргийн хүн болох" хүсэлдээ хөтлөгдөн, алдар түүхийн өлгий ҮБХИС хэмээх цэргийн эрдмийн их өргөөнд орж амжилттай суралцаж төгссөн тэдгээр залуус цөмөөрөө л  "Эх орноо батлан хамгаалж, аав, ээждээ дэм болж, ачийг нь хариулах болсондоо баяртай байна.` Сайн ажиллаж, эзэмшсэн мэргэжлийнхээ эзэн нь болж байгаад дахин суралцана" хэмээн өгүүлж байв.

ҮБХИС-ийг энэ жил соёлын ажилтан мэргэжлээр төгссөн эмэгтэй цэргийн алба хаагчидтай уулзаж, томилогдсон албан тушаалын үүргийг хэрхэн гүйцэтгэж, ажиллах болон Зэвсэгт хүчин дэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцооны талаар ярилцахад “Зэвсэгт хүчинд алба хаах нь бидний мөрөөдөл. Мөрөөдлийнхөө төлөө хатуу бэрхийг туулаад сайн офицер болохын төлөө зүтгэхэд бид бэлэн” хэмээж байсан юм.

 

Дэд хурандаа Б.Золзаяа

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109