Ихэр заяаг эрхшээн мэндэлж, ижий аавынхаа их хайранд өлгийдүүлэн өссөн хоёр хүү эрийн цээнд хүрч, эх орныхоо дуудлагаар эр цэргийн албаа нэр төртэй хаагаад бахархалтайгаар халагдаж байна. Тэднийг Б.Тэлмэнбаяр, Б.Цолмонбаяр гэдэг. 2005 онд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутагт төрсөн агаад аав, ээж, эгч, охин дүүгийн хамт амьдардаг. 2019 онд Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийг, 2020-2023 онд Барилгын коллежийг мужаан, сантехникч мэргэжлээр дүүргэсэн.
Ихрүүд 2020 оноос жүдо бөхийн спортоор хичээллэж олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон шаггүй тамирчид бөгөөд цэргийн албанд мордохоосоо өмнө буюу 2023 оны Жүдо бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон байна. Ийнхүү арван баатраараа овоглосон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хуваарилагдан эр цэргийн албаа нэр төртэй, үлгэр жишээч хаасан хөвгүүдээ халагдаад очиход нь аав ээж нь суудлын автомашин бэлэглэжээ.