Намрын мод тарих өдрүүдийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн энэ сарын 8-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харьяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Тус командлалынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Зэвсэгт хүчинд өрнөж байгаа “Ногоон хөгжил-Эко орчин” аяны хүрээнд орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь мод тарих өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. Энэ удаа тэд гурван жилийн өмнө эзгүй тал байсан орчныг “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн болгон тарьц, суулгаж үржүүлж, нийслэлийн иргэд тэр дундаа Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин болгон тохижуулахад гар бие оролцов.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харьяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн нь 2022 онд байгуулагдсан бөгөөд 2023 оноос өвлийн нөхцөлд ажиллах боломжтой болгон тохижуулж, 1.2 сая тарьц, суулгацыг үржүүлж, байгууллага аж ахуйн нэгжид нийлүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнгөрсөн амралтын өдөр “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарихдаа “Ажил хийвэл амжилтад хүрч чадна" гэдгийг харуулж буй олон сайн жишгийн нэг нь цэргийнхний энэхүү цэцэрлэгт хүрээлэн гэдгийг онцолж, цаашид монголчууд зуу, зуун жилээр мод тарьж, эко ногоон орчноо тэлж улмаар эх орноо бүхэлд нь ойжуулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.