• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОВД АЙМГИЙН МЯНГАД СУМЫН ЗАЛУУС ЦЭРЭГТ ЯВАХААР ДУГААРЛАЖЭЭ
Нийтэлсэн: 2024-10-04 10:06:24
Үзсэн: 258

ХОВД АЙМГИЙН МЯНГАД СУМЫН ЗАЛУУС ЦЭРЭГТ ЯВАХААР ДУГААРЛАЖЭЭ
Нийтэлсэн: 2024-10-04 10:06:24 Үзсэн: 258



    Яг энэ цаг үед аймаг орон нутагт 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдаж байна. Аймаг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэр бусад холбогдох бичиг баримтаа тэврээд сум сумаар ажиллаж, хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж байна. Цэргийн насны залуусын идэвх оролцооны талаар тодруулахаар Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан руу утас цохиход тэд Ховд аймгийн Мянгад суманд ажиллаж таарав.

     Тус Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер, хошууч Ж.Нямжаргал “Манай аймагт цэрэг татлага их үр дүнтэй явагддаг. Цэргийн албыг биеэр хаах сонирхол залуусын дунд их байдаг учир тэр хэмжээгээр ажил маань хурдан цэгцрээд явчихдаг. Энэ жилийн цэрэг татлагыг ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу эрүүл мэндийн үзлэгт голчлон анхаарч байна” гээд хугацаат цэргийн албаа хаахаар цэрэг татлагын байрны гадаа дугаарлаж зогсоо залуусыг ярилцлага өгүүлэхээр холбож өгөв. Тэдний дунд хугацаат цэргийн албыг өвөө, аав, ах дүүгээрээ огтхон ч таслаагүй нэгэн залуу байсан нь 19 настай Энхбаярын Бат-Эрдэнэ байв. Тэрээр сумынхаа Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цэрэгт явтлаа аав, ээжтэйгээ хөдөө малаа маллаж байсан айлын дунд хүү ажээ.

     Түүний ах Э.Ууганбаатар хугацаат цэргийн албаа хаачхаад сургууль соёлыг нь төгсөж, өдгөө бүр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид офицероор ажилладаг гэнэ. Аав Т.Энхбаяр нь хөвгүүддээ аминчлан захидаг зүйл нь “Хугацаат цэргийн албаа заавал хаа. Тэгж байж эр хүн болно. Бусадтай нийцтэй, амьдралын чанар ойлгож, нийгэмд ороод явахад алзахгүй төлөвшдөг” хэмээж, дунд хүүгээ ч нас залуу дээр энэ сайхан албанд бушуу яваад ир гэж цэрэг татлагын байр руу ийн явуулсан гэнэ. Э.Бат-Эрдэнэ сумаасаа олуулаа явж байгаа, өөрийнх нь үеийн найзууд болох Болдсайхан, Түвшинсайхан, Наранцогт, Төмөрсүх, Уламбаяр, Чандмань-Эрдэнэ гээд олон залуустай хамтдаа цэргийн албандаа явахаар тохиролцсон гэнэ. Гагцхүү үзлэгтээ тэнцчихвэл болох нь тэр, хасагдах ямар ч шалтгаан бидэнд байхгүй. Аавын хөвгүүд бүрийн хаах ёстой албыг нэр төртэй хааж, дараа жилийн өдийд жавхаатай цэрэг эр аав, ээждээ ирж үнсүүлнэ дээ гээд баяртайгаар өгүүлж байлаа.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116