Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар зарим ахлагч нарт албан тушаалын зэрэглэлийн цол олголоо. Хуурай замын цэргийн командлалын Ахлагчийн хөгжлийн төвийн дарга сургагч ахлагч А.Баяртогтоход тэргүүн ахлагч, тус төвийн төлөвлөлтийн ахлагч, ахлах ахлагч С.Эрдэнэбаатар, Удирдлагын байрын ахлагч, ахлах ахлагч Б.Төгсбаясгалан нарт албан тушаалын зэрэглэлийн сургагч ахлагч тус тус олгогдсон юм.
Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал цол нэмсэн алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний гол цөмийг ахлагчийн алба бүрдүүлж байгаа бөгөөд энэхүү бахархалт албаныхаа албан тушаалын илэрхийлэл болсон цэргийн цолыг хүртсэнд баяр хүргэе” гээд ахлагчийн албаны хөгжил, шинэчлэлийн төлөө хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлээ үнэнчээр зориулж ирсэнд талархал дэвшүүлэв.
Мөн тэр бээр цаашид илүү хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай бүтээлч хандахыг захилаа. Цол олгох ёслолд Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, тус командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат, Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Н.Сүхбаатар нар байлцав.