Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНСУ-ын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд инженерийн цэргийн чадавхыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор хамтарсан сургалт, дадлагыг ирэх жилүүдэд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Хуурай замын цэргийн командлалын Инженерийн цэргийн төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Чуэ Вон Хи, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа Пак Ин Чол тэргүүтэй албаныхныг энэ сарын 23-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хүлээн авч уулзаж, энэ сарын 24-ний өдөр хоёр талын ажлын хэсгийнхний хуралдаан зохион байгуулагдлаа.
Ажлын хэсгийн хуралд Монгол Улсын талаас Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, ХЗЦК-ын Инженерийн дарга хурандаа Г.Мөнхбат нар оролцож, хамтарсан сургалт, дадлагын бодлого, зорилго чиглэлийг тодорхойлж, саналаа нэгтгэв. Ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 014, 234 дүгээр ангиудад ажиллана.