• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛЬ ДАЛАЙН АЯЛАЛТАЙ ХОРШСОН СУРГАЛТ
Нийтэлсэн: 2024-09-18 14:13:28
Үзсэн: 89

ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛЬ ДАЛАЙН АЯЛАЛТАЙ ХОРШСОН СУРГАЛТ
Нийтэлсэн: 2024-09-18 14:13:28 Үзсэн: 89



           Нийслэлийн Сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах хүрээнд олон ажил, арга хэмжээ санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь аялалтай сургалт ажээ. Тус холбооныхон аялалтай сургалтаа жил бүр зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэ удаагийнх нь Итгэлт хамба, Байгаль далайг зорьсон сэтгүүлчдийн аялал байв. Хэвлэл мэдээллийн 20 байгууллагын сэтгүүлч, зураглаач, төрийн зарим байгууллагын хэвлэлийн төлөөлөгч гээд нийт 40 орчим бүрэлдэхүүнийг хамруулсан энэхүү аялал Улаанбаатар-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум-ОХУ-ын Улаан-Үд, Итгэлт хамба, Байгаль далай гэсэн эргэх маршрутаар зохион байгуулагдав.

      Итгэлт хамбын сонирхолтой түүх, дурсамжийг мэргэжлийн хөтчөөс нь сонсонгоо хүсэл мөрөөдөл, гэр бүл, ажил албаа даатган бараалхаж, Байгаль далай эрэг дээрээс тэнгэр, тэнгис хоёр нийлсэн юм шиг хязгаар нь үл үзэгдэх тийм л гэгээн намуухан орчинд саатаж “сэргэсэн” аяллын хамгийн чухал хэсэг нь мэдээж “Мобайл сэтгүүл зүй” сургалт. Хэвлэлийн хүрээлэнгийн судлаач Т.Есөнтөмөрөөр ахлуулсан мэргэжлийн багш нар өнөө цагт гар утсыг мэдээллийн эрин зуунд хэрхэн ашиглах, дэлхийн чиг хандлага, сэтгүүлчдэд хэрэгтэй апп программуудын талаар мэдээлэл хүргэж, бүлэг бүлгээр дасгал ажил гүйцэтгүүлэв.

      Сургагч багш нар “Сэтгүүл зүйн түүхийг харвал сэтгүүлчид мэдээлэл цуглуулах, түгээх бүртээ цаг үргэлж л шинэ технологид дасан зохицож ирсэн ба өнөө цагт гар утас, түүний технологийн өөрчлөлт биднийг тэврэн авч байна. Сэтгүүлч хүн мэдээллийг цуглуулж, боловсруулж, түгээдэг. Энэ бүгдийг хийх боломж ухаалаг утсанд байна” гээд шуурхай мэдээлэл түгээхэд гар утас өнөө цагт чухал үүрэгтэй байгааг онцоллоо. Мэдээж уламжлалт сэтгүүл зүй ямар ч цаг үед үнэ цэнтэй хэвээрээ гэдгийг ч тэд нэмж тодотгож байв. Сургалтын төгсгөлд 2022 онд Орос, Украины асуудлаар сурвалжилга бэлтгээд ирсэн Товч.мн мэдээллийн сайтын сэтгүүлч О.Эрдэнэдаваа сонирхолтой мэдээлэл хүргэв. Тэрээр 20 мянган километрийг туулж, амаргүй цаг хугацаа, хүнд нөхцөлд, халуун цэгээс сурвалжилга бэлтгэхэд учирч байсан бэрхшээлийн талаар мэргэжил нэгт нөхдөдөө хуучилж, шуурхай мэдээлэл бэлтгэхэд гар утас хамгаас чухал үүрэгтэй, гэхдээ чанар байдлын тухайд мэргэжлийн камер илүү үр дүнтэй гэдгийг ч онцолж байсан юм.

      Ийнхүү Нийслэлийн Сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос сэтгүүлчдийн цаг наргүй хөдөлмөр, хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн аялангаа суралцаж, суралцангаа аялах боломжийг олгосон энэ удаагийн төлөвлөгөөт арга хэмжээнд 40 гаруй сэтгүүлчид хамрагдаж, дулаан энерги, дурсамж дүүрэн аяллын богцтой гэр гэртээ харьцгаасан юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117